“Оюуны Ундраа” цогцолбор сургууль ОУ-ын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай болно
Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн баруун талд байрлах хөл бөмбөгийн талбай дээр Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/-ны дэмжлэгтэйгээр засварын ажил хийхээр болсон. Энэ ажлын хүрээнд Монголын хөл бөмбөгийн холбооноос олон улсын стандартад нийцсэн зүлгийг барихаар шийдвэрлээд байгаа юм.
Тэгвэл Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Баянгол дүүргийн усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-ын дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Миеэгомбо, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Монголын хөл бөмбөгийн холбоо болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй өнөөдөр 96-р сургууль дээр очиж ажиллалаа.
Уулзалтын үеэр Монголын хөл бөмбөгийн холбооны төлөөллүүд дүүргийн зүгээс хөл бөмбөгийн талбайд ус зайлуулах шугам байгуулж өгөх шаардлагатай. Хэрэв шугам зайлуулах хоолойг байрлуулаад өгчихвөл ОХУ-аас оруулж ирсэн, олон улсын стандарт нийцсэн зүлгийг суурилуулна гэсэн юм.
Дүүргийн Засаг дарга энэ ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Ямар нэг тэмцээн уралдаан зохион байгуулахад стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай байна гэдэг чухал. Дүүргийн зүгээс та бүхний тавьсан саналын хүрээнд ус зайлуулах шугам байгуулна. Үүнээс гадна явган хүн болон гүйлтийн зам, тамирчдын суух сүүдрэвч, үзэгчдийн суудал, гэрэлтүүлэг, хаалга суурилуулах зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг хийх саналтай байна. Үүний тулд талуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж саналуудаа нэгтгээд зураг төсвөө гаргаж ажлын даалгавараа цаг алдалгүй хийе” гэсэн юм.
Мөн “Оюуны Ундраа цогцолбор” сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Гэрлээ “Манай сургууль дээр хөлбөмбөгийн “Хараацай” клуб үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай маш их хэрэгтэй байгаа. Манай сургуулийн зүгээс өмнө нь хоёр ч зураг төслийг гаргасан. Одоо дүүрэг, хөл бөмбөгийн холбоо болон мэргэжлийн компанийнхныг байлцуулан гаргасан зураг төслөө танилцуулж, боловсруулахад бэлэн” гэснийг талууд дэмжсэн юм.