Бичил уурхайчдын “түгжээ”-г хэзээ мултлах вэ?

Дэлхийн улс орнууд жилээс жилд бичил уурхайн салбараа улам хариуцлагатайгаар хөгжүүлж, улсынхаа нэгэн чухал салбарын хэмжээнд авч үзэж, түүнийг дэмжих бодлого шийдвэрийг гаргаж байна. Гэтэл Монгол Улсад хариуцлагатай бичил уурхайн салбарын үйл ажиллагаа зогсоод гурван жил боллоо. Энэ хугацаанд хууль бусаар алт олборлогчдын тоо 40 мянгад хүрчээ. Үүнээс улбаалан газрын хэвлий дэх гэмт хэрэг 300 хувиар өссөн гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Бичил уурхайчид эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөд хариуцлагатай ажиллаж байтал 2019 онд 355 дугаар тогтоол гарсан. Үүнээс үүдэн хууль бус олборлолт ихсэж, 1990-ээд оны хяналтгүй үе рүү буцлаа. Тиймээс Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд орсон нэмэлт, өөрчлөлтийг яаралтай батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Э.Оюунболд “Олборлосон нэг грамм алт ч тухайн орон нутагтаа хөрөнгө оруулалт болон шингэдэг. Тиймээс алтны нийлүүлэлтийн сүлжээ, гарал үүслийг ил тод болгож, зайлшгүй албажуулах шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд бичил уурхайг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой. Тодруулбал, хэчнээн грамм алт хаанаас ирэв гэдэг нь тодорхой болно.
Тухайлбал, бичил уурхайчдын 50 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс олборлолтын талбайд ээжтэйгээ хамт байгаа хүүхдүүдэд зориулсан гэр цэцэрлэг ажиллуулдаг туршлагаас судлахаар Этиоп улсаас зорин ирж, ажиллажээ. Тэд манай улсын бичил уурхайн салбарын үйл ажиллагааг сайшааж, суралцах зүйл их байгааг хэлж байсан. Үүнээс гадна Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо олон улсын 29 байгууллагатай хамтран ажиллахын сацуу 510 орчим га талбайг нөхөн сэргээгээд байна.