Иргэдийг хөгжүүлэх сургалтад чиглүүлэгч багшаар ажиллах 100 эмэгтэй сертификатаа гардлаа
Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төв, "Young brain institute” хамтран салбар бүрийн төлөөлөл болсон 100 эмэгтэйг чадавхжуулах "WOMEN EDUCATION 100" эмэгтэйчүүдийн боловсрол нийгмийн оролцоо сэдэвт онлайн сургалтыг амжилттай зохион байгуулсан.Тэгвэл өнөөдөр дээрх сургалтад оролцсон 100 хүнд сертификат гардууллаа. Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвийн дарга Б.Гэрэлгуа, “Young Brain Institute”-ийн захирал Б.Жавзандорж нар оролцсон юм. Энэ үеэр тус сургалтыг зохион байгуулагчид сургалтад оролцогчид нь Баянгол дүүргийн боловсролын салбарын 100 эмэгтэй байснаараа онцлог гээд “Эдгээр эмэгтэйчүүд цаашид Баянгол дүүргийн 25 хороонд иргэдийг хөгжүүлэх сургалтад чиглүүлэгч багшаар оролцоно. Цаашид энэхүү сургалтыг эрүүл мэндийн салбар, төрийн албан хаагчид, дүүргийн ахмадууд, хороодын иргэдийн дунд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.