Ө.Сумъяабаатар: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарал хандуулъя

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.08.23) боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, “Баянгол Шинэ-Өргөө” ОНӨААТҮГ болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтсийн мэдээллийг сонслоо.
- “Ковид-19” халдварын нөхцөл байдал цаашид хүндэрч болзошгүй байгаа тул тусгай чиг үүргийн байгууллагууд тодруулбал, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийнхнийг дархлаажуулалтын гурав дахь тунд хамруулахад анхаарч ажиллах
- Төр захиргааны байгууллагынхан ажилтан алба хаагчид руугаа чиглэсэн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллах. Мөн ариутгал халдваргүйтгэлийг цаг алдалгүй хийх. Албан байгууллагууд УОК, НОК-оос өгсөн заавар зөвлөмжийг мөрдөж ажиллах. Цахимаар хуралдах зэргээр олон хүний бөөгнөрлийг үүсгэхгүй байх
- Дүүргийн онцгой комиссын хурлыг идэвхжүүлэх. УОК, НОК-оос гаргаж байгаа шийдвэрийг ДОК-ын гишүүдэд цаг алдалгүй танилцуулж байх
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд цэцэрлэг сургуулиуд бэлтгэлээ хангах. Орон сууцны дулаалга, дээвэр засварын ажлыг эрчимжүүлэх. Мөн цас орж халтиргаа гулгаа эхлэхээс өмнө зам дээр цацах элс, давсны нөөцийг бүрдүүлэх
- Дүүргийн Онцгой байдлын хэлтэс бүх хороод дээр ажиллаж галын дүгнэлт гаргах. Цахилгааны аюулгүй байдлыг хангах ажлыг яаралтай зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо.