ХААН Банкны Жендэр бондын анхдагч арилжаа амжилттай хаагдаж, 30 тэрбум төгрөг татан төвлөрүүллээ

17

Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк, салбартаа санхүүгийн үзүүлэлтүүдээр манлайлагч ХААН Банкнаас дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа олон нийтэд нээлттэй санал болгож буй Жендэр бондын анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол Монголын хөрөнгийн биржид өнөөдөр боллоо.
ХААН Банк 2023 онд Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий, хамгийн олон хөрөнгө оруулагчтай хамгийн том IPO-г хийж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноосоо хойш өдгөө Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэгдэж, ТОП-20 индексийг тэргүүлэгчдийн эгнээнд тогтмол нэрлэгдэж буй билээ.
ХААН Банк Тогтвортой хөгжилд манлайлж ажиллахаа үнэт зүйлсдээ тусган ажиллаж буйн хувьд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлж, 2023-2024 онд олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд Монгол Улсаас анх удаа Ногоон бонд, 2024 онд олон улсын зах зээлд мөн анхны Нийгмийн бондыг амжилттай гаргаж байсан билээ.
Тэгвэл энэ удаа Тогтвортой хөгжлийн 5-р зорилт буюу жендэрийн тэгш байдлыг хангах, 8-р зорилт буюу зохистой хөдөлмөр болон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан хөрөнгө татан төвлөрүүлэхээр ийнхүү Жендэр бонд гаргаж байна. Тус бондын хүрээнд босгосон эх үүсвэрийг эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, жендерийн тэгш байдлыг дэмжих зорилгоор баталгаат ажлын байрыг бий болгох, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, эдийн засгийн оролцоо, манлайллыг дэмжихэд тусгайлан зарцуулах юм.
ХААН Банк Жендэр бондын хүрээнд 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд анхдагчийн арилжаа эхэлснээс хойш удалгүй захиалга амжилттай хаагдсан юм.
Жендэр бондыг олон нийтэд танилцуулж, Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагааны андеррайтераар “Өлзий энд Ко капитал” ҮЦК ХХК, хууль зүйн зөвлөхөөр “ХаанЛекс Партнерс” ХХН, санхүүгийн тайлангийн аудитын чиглэлээр “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК тус тус хамтран ажиллалаа.
Салбартаа тэргүүлэгч, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт бүхий нээлттэй хувьцаат компанийн бондыг эзэмшиж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт хийсэн  эрхэм хөрөнгө оруулагчдадаа баярлалаа.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn