Цагаан зуд гэж юу вэ?

Цаг уурын байгууллагаас гаргасан хээрийн цасны нэгдүгээр сарын сүүлчийн арав хоногийн хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын өнөөгийн байдлыг үнэлэхэд 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу байна.
Цагаан зуд гэж юу вэ?
Цас, их хэмжээгээр орж, хүйтэнтэй хавсарсан зудыг хэлнэ. Цас байн байн их орж, хүйтний эрч эрс чангаран мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутарч, улмаар тарга хүч муутай мал олноор хорогддог.Хар зуд гэдэг нь цас орохгүй боловч маш их хүйтрэн, малын өвс тэжээл хомсдон нэн ялангуяа унд усаар гачигдан, хүн мал идэш тэжээл, хүнсээр дутаж, зүдрэхийг хэлнэ.