Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна

57

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцов.
Тус уулзалт нь 2017 онд Францын Ерөнхийлөгч Э.Макроны дэвшүүлсэн “Нэг ертөнц” санаачилгын хэсэг бөгөөд энэ удаагийн уулзалтыг Франц Улс, Казахстан Улс, Саудын Арабын Хаант Улс, Дэлхийн банктай хамтран зохион байгууллаа.
Дээд түвшний уулзалтаар 10 орчим улсын төр, засгийн тэргүүн, усны асуудал эрхэлсэн сайд нар, олон улсын болон төрийн бус байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцож байна.
Усны Дээд түвшний уулзалтын нээлтэд Саудын Арабын Угсаа Залгамжлагч Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ажай Банга нар оролцож үг хэллээ. Уулзалтаар хил дамнасан ус, цэнгэг усны экосистемийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаа, ус ашиглах техникийн шийдэл, байгальд суурилсан шийдэл, инновац, технологи, ус, ариун цэврийн салбар дахь санхүүжилтийн зөрүүтэй байдлыг арилгах боломж зэрэг устай холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улс 120 гишүүн улсыг нэгтгэдэг “30х30” санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Байгаль дэлхий, хүн зоноо хамгаалах өндөр түвшний амбицын санаачилга”-д нэгдэн орсон улсын хувьд энэхүү Дээд түвшний уулзалтад оролцож, усны чиглэлээрх дэлхийн томоохон арга хэмжээнд дуу хоолойгоо өргөсөн нь чухал ач холбогдолтой болов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Монгол Улс хариуцлагатай уул уурхай хөгжүүлж, цөлөрхөг ба говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулахаар уул уурхайн түншүүдтэйгээ хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй цөлжилтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, “Нэг сум-Нэг нуур” буюу “333 нуур”, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зэрэг төсөл, арга хэмжээг дурдлаа.
Монгол Улс  2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурлыг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” уриан дор эх орондоо хүлээн авч зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд ус хангамжийн аюулгүй байдал, усны нөөцийг зөв зохицуулах талаар дэлхий даяарх түншүүдтэйгээ улам идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn