Английн “Фүлхэм” клубыг зорих МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН сунгаа эхэллээ
Монголын хөлбөмбөгийн залгамж халааг бэлтгэх, чадварлаг тамирчдыг нээх илрүүлэх зорилго дор “TRAINING CAMP IN MONGOLIA” арга хэмжээг энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Ач холбогдол нь ур чадвар өндөртэй нийт 11 тоглогчийг сонгож, цаашид Английн алдарт “Фүлхэм” клубын 2025 оны бэлтгэлд хамруулах ба энэ удаагийн сургалтад 30 гаруй багийн 6-16 нас (6-9, 10-12, 13, 14-16 нас )-ны нийт 160 хүүхэд хамрагдаж байгаа юм.
Сургалтыг “Фүлхэм” клубын өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс, Янник Жин нар удирдан явуулж буй бөгөөд оролцогч болгонд “Фүлхэм” клубын сертификат гардуулж, ирээдүйн өсвөрийн хөлбөмбөгчдийн суурийг бэлдэж байгаа нь тэмдэглүүштэй зүйл.
“Training camp in Mongolia”-д 160 хүүхэд хамрагдаж байна
Сургалтын нээлтийн ёслолд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, БТСУХ-ны дарга О.Баттулга, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, “Фүлхэм” клубын Түншлэл хариуцсан захирал Филиппа Уильям нарын хүндтэй эрхмүүд оролцлоо. “Фүлхэм” клубтэй өмнө нь байгуулсан тохиролцооны хүрээнд энэхүү сургалтыг олон давтамжтай зохион байгуулах тул бүртгэлд оролцож амжаагүй хүүхэд багачууд дараагийн сургалтад оролцох боломжтой аж.
Үүнээс гадна 145 жилийн түүхтэй Английн Премьер лигийн алдарт “Фүлхэм” багийн хаягаар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, Лондон хотод байрладаг 24 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн стадионд ““Go Mongolia” брэндийг таниулах юм.