Унадаг дугуй, скүүтер, суррон ямар замаар зорчих зохицуулалттай вэ?

96

ХУУЛЬ: Цахилгаан дугуй, скүүтер, суррон ямар ангилалд хамаарах вэ? нийтлэлээр бид цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, суррон зэрэг хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох нь өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбоотой осол, бэртлийн тухайд, мөн эдгээр хэрэгслүүд нь хууль тогтоомжийн хүрээнд ямар ангиллын хэрэгсэлд хамаарах талаар бичсэн билээ. Энэ удаад, эдгээр хэрэгслүүд нь авто машины замаар болон явган хүний замаар зорчихдоо ямар дүрмээр зорчих зохицуулалттай талаар тайлбарлахыг хичээе.
Өчигдөр буюу 2024 оны есдүгээр сарын 2-ны өдөр 20 минутын хот – Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн олон нийтэд өгсөн тайлбартаа ирэх хавраас эхлэн эдгээр хэрэгслийг явган хүний замаар явахыг хориглох бөгөөд тусгайлсан зам гаргах чиглэлээр ажиллана гэжээ.
Р.Эрдэнэбүрэн: “... Ирэх хавраас эхлээд явган хүний замаас гаргана гэдэг шийдвэр гаргахаар болж байна. Дээр нь үнэмлэхжүүлье, нас заая, ялангуяа тэр цахилгаан хэрэгслүүд жолоодож байгаа насыг яг тодорхой болгож өгье, дунд сургуулийн хүүхдүүдийг унуулахгүй болгоё, ийм чиглэлээр арга хэмжээ авах гэж байна. Дээр нь тусгайлсан зам скүүтерт зориулсан зам хийх шаардлагатай юм байна. Энэ чиглэлээр нийслэл дээр дахиад судалгаа, зураг хийгдэж байгаа юм байна, энийг бас дэмжээд үргэлжлүүлээд явъя гэж тохирсон. ...
Угтаа бол одоогийн хууль тогтоомжид жишээ нь унадаг дугуй унаж буй хүн хэрвээ тусгайлсан зам бий бол тус замаар зорчих зохицуулалт байгаа бөгөөд зөвхөн тусгайлсан зам байхгүй байх тохиолдолд явган хүний замаар зорчих, ингэхдээ хэрвээ хүн ихтэй байвал явганаар түрж явах зохицуулалттай байдаг. Өөрөөр хэлбэл, бид шинэ хууль тогтоомж батлагдахыг хүлээхийн оронд одоо байгаа зохицуулалтаа бүрэн хэрэгжүүлэх арга хэмжээ авбал иргэдэд өдөр тутам учирч буй аюул, эрсдэл, осол бага ч болов буурахаар байна.
Энэ төрлийн хэрэгслийг унаж хөдөлгөөнд оролцож буй хүмүүсийн явж болох авто зам болон явган хүний замын хэсгүүдийг зорчих хэсэг, унадаг дугуйн зам, унадаг дугуйн эгнээ, хөвөө, явган хүний зам гэсэн дарааллаар ангилж болохоор байна. Энэхүү хэсгүүдийг Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 239 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан Замын хөдөлгөөний дүрэм (“ЗХД”) – д дараах байдлаар ангилан тодорхойлжээ.
               Замын хөдөлгөөний дүрэм:
  • 1.2.21. “зорчих хэсэг” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно;
  • 1.2.38. “унадаг дугуйн зам” гэж унадаг дугуй, мопедын хөдөлгөөнд зориулсан, 4.4 тэмдэг бүхий зам, замын хэсгийг. Унадаг дугуйн зам нь бусад замаас хийцийн хувьд салангид буюу замын зорчих хэсэг, явган хүний замаас хайс, хашлага, хөвөөгөөр тусгаарлагдсан, эсхүл явган хүний зам дээр явган зорчигчийн хөдөлгөөн явагдах хэсгээс тэмдэглэлээр зааглагдсан буюу гадаргуугийн өнгө, төрлөөр ялгаатай байна;
  • 1.2.39. “унадаг дугуйн эгнээ” гэж зорчих хэсэг дээрх унадаг дугуй, мопедын хөдөлгөөнд зориулсан, 4.4 тэмдэг бүхий эгнээг. Унадаг дугуйн эгнээ нь зорчих хэсгийн бусад эгнээнээс тэмдэглэлээр зааглагдсан байна;
  • 1.2.45. “хөвөө” гэж зорчих хэсгийн гадна талын захтай нэг түвшинд хиллэсэн, энэ дүрмээр зөвшөөрсөн хөдөлгөөн болон зогсоход ашиглах замын хэсгийг. Хөвөө нь зорчих хэсгээс гадаргуугийн төрлөөр ялгаатай, эсхүл 1.2 тэмдэглэлээр зааглагдсан байна;
  • 1.2.55. “явган хүний зам” гэж явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг. Явган хүний зам нь зорчих хэсэг, унадаг дугуйн замаас хайс, хашлага, хөвөөгөөр тусгаарлагдсан, эсхүл унадаг дугуйн замаас тэмдэглэлээр зааглагдсан байна.
Одоо харин зам, замын бүрдэл хэсгийн дээрх хэсгүүдээр зорчихдоо ямар дүрэм баримталж зорчих ёстой талаар харцгаая.
ЗХД-ийн 25-р бүлэгт “Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага”-ыг тусад нь зохицуулж өгсөн байна.
ЗХД-ийн 25.3-т зааснаар 10 хүртэлх насны хүүхэд унадаг дугуйг харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр унах зохицуулалттай байна. Харин, 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно гэжээ. Харин, 14-өөс дээш настай хүмүүс унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам, эгнээ байгаа бол тус хэсгээр зорчих ерөнхий зохицуулалттай боловч дараах тохиолдолд унадаг 14-өөс дээш настай дугуйтай хүмүүс зорчих хэсгийн баруун гар талын захаар явж болно гэжээ (ЗХД §25.4). Үүнд:
  1. Унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд;
  2. Ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол;
  3. Зохион байгуулалттай цуваагаар яваа үед.
Харин, хэрвээ дээрх 25.4-т заасны дагуу зорчих боломжгүй буюу унадаг дугуйн зам, эгнээ байхгүй, зорчих хэсгийн баруун гар талын захаар зорчих боломжгүй буюу хүндрэлтэй байвал ЗХД-ийн 25.5-д заасны дагуу унадаг дугуйтай хүн ЗХД-ийн 1.2.45 заалтад заасан замын “хөвөө”-гөөр эсвэл явган хүний замаар явах ёстой байна. Ингэхдээ, нэн тэргүүнд аюулгүй байдлыг хангаж явах шаардлагатай бөгөөд 10 км/ц – аас илүү хурдтай явахыг, мөн явган зорчигчдод саад учруулахыг хоригложээ. Түүнчлэн, энэхүү 25.5 дахь хэсэгт зааснаар, хэрвээ явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй бол унадаг дугуйтай хүн дугуйнаасаа буу явгалах буюу дугуй түрж, явган зорчигчийн нэгэн адил хөдөлгөөнд оролцох ёстой гэжээ.
Харин, ЗХД-ийн 25.5-д зааснаар мопед унаж хөдөлгөөнд оролцож буй хүмүүс хэдийгээр унадаг дугуйн зам, эгнээ бүхий газарт тус зам, эгнээгээр зорчих боломжтой ч хэрвээ тийм эгнээ, зам байхгүй бол зөвхөн замын хөвөөгөөр зорчихыг зөвшөөрсөн бөгөөд явган хүний замаар зорчих нь зөвшөөрөгдөөгүй буюу хориотой байна.
Өөрөөр хэлбэл, энгийн унадаг дугуй болон цахилгаан унадаг дугуйтай хүн өндөр хурдтайгаар буюу явган зорчиж буй хүмүүст саад учруулах байдлаар явган хүний замаар явж байгаа хүмүүс Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Харин, мопед, тэр бүү хэл мотоциклтэй явган хүний замаар явж байгаа хүмүүс сүүлийн үед улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь Замын хөдөлгөөний дүрмийг илтэд зөрчиж байгаа нь маш тодорхой харагдаж байна.
Суррон болон цахилгаан скүүтерийн хувьд хэдийгээр одоогийн ЗХД-д яг нэршлээр нь заасан зохицуулалт байхгүй хэдий ч “ХУУЛЬ: Цахилгаан дугуй, скүүтер, суррон ямар ангилалд хамаарах вэ?” нийтлэлд тайлбарласанчлан эдгээр хэрэгслүүдийг “чадал”-ыг нь шалгуур болгон унадаг дугуй эсхүл мопед ангилалд оруулан тооцох бүрэн боломжтой гэж харж байна. Өөрөөр хэлбэл, хэрвээ цахилгаан скүүтер, суррон зэрэг нь 0.25 кВт-аас бага чадалтай бол унадаг дугуй ангилалд багтан дээр тайлбарласны дагуу тодорхой хязгаарлалттайгаар явган хүний замаар зорчиж болох бол сурроны хувьд хэрвээ 0.25 кВт-аас дээш 4 кВт-аас чадалтай бол мопед ангилалд багтаж, дээрх тайлбарын дагуу зөвхөн замын хөвөөгөөр зорчих зохицуулалттай гэсэн үг юм.
Энэхүү тайлбар нийтлэлийг зөвхөн одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг хууль зүйн үүднээс хэрхэн ойлгож болох талаарх тайлбарт үндэслэн бичсэн болохыг энд дурдах нь зүйтэй болов уу.
Энэ төрлийн хэрэгслүүдийн хэрэглээ өдрөөс өдөрт улам бүр нэмэгдэж байгаа, мөн энэ төрлийн осол, бэртэл ч жилээс жилд нэмэгдэж байгаа ийм үед иргэдийн аюулгүй байдлыг хангах нэн тэргүүний зорилгын хүрээнд холбогдох байгууллагууд нь дүрэм, хууль тогтоомжоо цаг үетэйгээ нийцүүлэн нэн даруй сайжруулах шаардлагатай юм. Гэтэл, хариуцсан засгийн газрын гишүүн нь “ирэх хавраас” гэх байдлаар аргацаасан шинжтэй мэдэгдэл хийгээд сууж байгаа нь хотод амьдарч буй иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй энэ асуудал, аюулыг үл тоож буйн шинж гэхэд буруудахгүй биз.
Угтаа чанаргүй автобусыг “үндэсний аюулгүй байдал” нэрээр халхавчилж нээлттэй биш, сонгон шалгаруулалтгүйгээр 318 тэрбум төгрөгөөр худалдаж авахаас илүүтэй, цахим орчинд иргэдийн эрхийг хязгаарлахдаа “хүний эрх, үндэсний аюулгүй байдал” нэрээр халхавчилж хэдхэн хоногийн дотор “нэн яаралтай” горимоор цоо шинэ хууль батлахаас илүүтэй хүүхэд залуусын хэрэглээнд улам бүр түгээмэл болж буй эдгээр шинэ хэрэгслийг оновчтой зохицуулж, иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй аюулгүй байдал нь ёстой л “нэн яаралтай” шийдэх асуудал баймаар юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn