Ар Монголын тусгаар тогтнол Оросод ч, бас Хятадад ч ашигтай болсон

173
ХХ зууны Монголын түүх жинхэнэ түүхэн үнэндээ нийцтэй болтлоо удна. Энэнд олон учир шалтгаан буй.
НЭГДҮГЭЭРТ; Энэ үеийн гол, чухал баримтууд бүгд ил болох ёстой.
 
ХОЁРДУГААРТ; Оросод олдсон, Хятадад олдсон, Монголд олдсон баримтууд харьцуулагдаж байж л цаад учир, утга нь, зорилго нь, эзэд нь тогтоогдох ёстой.
 
ГУРАВДУГААРТ; Манжийн төрийн уламжлалт бодлого, мөн сүүл үеийн нь бодлого, Хятадын шинэ төр, засгийн бодлого, санаархал, Оросын хаант засгийн бодлого, оролдлого, Октябрийн хувьсгалын дараах Оросын улаантнууд, цагаантнуудын Монгол дахь үйл ажиллагаа, энэ цаг үе дэх Японы хүчин зүйлүүд – наад зах нь л энэ бүхнийг нягтлан үзэж, зөвөөр, нэгэн утгатайгаар ойлгосон байх ёстой.
 
ДӨРӨВДҮГЭЭРТ; XX зууны эхэн үеийн Баруун Монгол, Зүүн Монгол, Төв Халх, Өвөр Монголын нийгэм-эдийн засаг, улстөрийн нөхцөл, байдлын бодит, зөв үнэлгээ, 1900-1924 оны хоорондох улстөрийн үйл явдлуудын шалтгаан, үр дагавар, хөдлөх хүч, гадна дотны оролцоо, санаархал зэргийг таньж, тайлж чадсан байх учиртай.
 
ТАВДУГААРТ; Өмнө дурдсан бүхнийг судалж, задлан шинжилж, зөвөөр үнэлж, дүгнэж, түүх болгон бичих чадвартай түүхчид, улстөр судлаачид, түүхийн философичдын баг, эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байх ёстой. Энэ бүхэн бол XX зууны түүх маань үнэн мөнөөрөө бичигдэхийн “зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй” нөхцөл юм. Ийм нөхцөл одоо хэр нь бүрдээгүй, энэ тухай ултай, үндэстэй бодож, шийдвэр боловсруулж, хэрэгжүүлж чадах яам, хэлтэс, хүрээлэн байгууллага ч алга хэвээрээ л байна. Салбарын яамны чадавх ч шаардлагын түвшинд бус байна.
 
XX зууны эхэн үеийн Монголын түүх бичлэгт зориулж дараах зүйлсийг товч өгүүлье.
 
1900-1924 оны үеийн гадаад, дотоод нөхцөл байдал: Ар Монголын хойд ба урд талын хүн ардыг (Их Монгол улсын иргэд) Орос, Хятад (Манж) хоёр ихэд өөриймшүүлэн авчихсан, өөрийнхөө харьяатууд мэтээр үздэг, үнэлдэг болчихсон байв. Халимаг, Тува, Буриад нь Ар Монголын хойгуурх бүс нутаг, харин Өвөр Монголын олон хошууд нь Ар Монголын өмнүүрх бүс нутаг, өөрөөр нэрлэвэл Ар Монголынхоо бамбай болон оршиж байлаа. Ар Монголын үндсэн хоёр хэсэг болох Халх, Ойрдыг хооронд нь яс хаян элдвээр сөргөлдүүлсээр хүчийг задлах, сулруулах аргаар эрхшээлдээ бүрэн оруулахыг Манж-Хятадын төр чухалчилж байсан бол Хаант Орос Ар Монголыг эдийн засгийн хувьд мөлжих, мөн Манж-Хятад болон Японтой хийх тэмцэлдээ түшиц болгон ашиглахыг элмэлзсэн бодлого баримталж, ил далд хоёр нүүр гарган цагийн байдлыг ажсан, отсон байр суурьтай байжээ.
 
1911 онд Ар Монгол тусгаар тогтнолоо зарласнаар, Манжийн төр мөхсөнөөр, бас нийт Монгол даяар үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл өрнөснөөр, мөн Орос, Японы сөргөлдөөн ширүүсэж, Япон Хятадыг түрэмгийлэх болсноор байдал онц эгзэгтэй болжээ.
 
1917 онд Оросод пролетарийн социалист хувьсгал ялснаар нөхцөл, байдал бүр ч их ээдрээтэж, энэ далимаар Хятадын шинэ удирдлага Ар Монголын автономийн эрхийг устгаж Их Хүрээнд гамин цэргийн томоохон ангийг байрлуулж чаджээ. Улаан Оросыг үл ойлгосон, эмээсэн Ар Монголын хутагт, хувилгаад Хятадын эрхшээлд орох, байхыг илүүтэйд үзсэн байна. Чин үнэнийг хэлэх аваас Хятадын бүгд найрамдахчуудын энэ үйлдэл Монголын “феодалуудын” оролцоотойгоор хийгджээ. Тэр цагийн Хятадын удирдлагад Ар Монгол дахь Оросын уламжлалт сонирхол, мөн Оросын шинэ засгийн газар, тэрчлэн Москвад төвлөх болсон Коммунист Интернационал (Коминтерн)-ын бодлого, санаархлыг ойлгох, тооцох чадавх байгаагүй нь үнэн юм. Гэхдээ Хятадын бүгд найрамдахчууд болон Оросын большевикуудын хооронд найрсаг харилцаа тогтож эхэлсэн нь ч бас үнэн болно. Оросын цагаантны цэргийн ангиуд улаан армид цохигдож ухарсаар Монголын хилд шахагдан ирсэн, мөн Барон Унгерны Азийн морин дивиз хэрхэхээ мэдэхгүй золбирон үлдсэн нь Ар Монголд цэрэг-улстөрийн нэгэн хүчийг бас буй болгожээ.
 
Азийн морин дивизийн командлагч, дэслэгч генерал Барон Унгерн өөрийн удирдагч болох атаман Семёновтой холбоо тасарч хэрхэхээ мэдэхээ больсон үед нь Монголын эх орончид мөнхүү дивизийн хүчийг ухаалгаар ашиглаж Хятадын гамин цэргийн хүчийг Хүрээнд, хойд хил хүртэлх замд, Чойр орчимд, мөн Туул голын Улхын булангийн өмнүүрх газарт бут цохижээ.
 
Монголд цөмрөн, хөөгдөн орж ирсэн цагаантнууд (генерал, хурандаа нар) ганцхүү Хятадаар дамжин Европруу дүрвэн гарах боломжтой болохоор Хятадын цэрэгтэй тулалдахгүй нь тодорхой юм. Энэ зоримог алхмыг Оросод, мөн Хятадад хааны засаглалыг сэргээх зорилготой Барон Унгерн л харин хийж зүрхлэх байжээ. Оросын улаан арми цагаантны үлдэгдэл хүчийг устгаж дуусаад л Ар Монголыг (гамин цэргийг) үл хөндөн орхих байв. Иргэний дайны хөлд нэрвэгдээд байсан оросууд шороон түмэн Хятадтай зөрчилдөхөөс зайлсхийх нь ч зөв болно. Ингээд л Ар Монгол яг л Өвөр Монголынхоо адил хувь заяаг эдлэх байлаа. Барон Унгерн Хятадын цэргийн хүчийг (12 орчим мянган цэрэг) бүр мөсөн устгаснаар Ар Монгол дахь нөхцөл, байдал огт өөр шинжийг олсон байна. 1921 оны эхээр Богд хаант Монгол улс дахин сэргээн байгуулагджээ. Гэхдээ Монголын шинэ төр, засаг Барон Унгерныг талархагч, дэмжигч хүч болжээ. Ингэхлээр Оросын улаан арми Монголын хилд нэвтрэн орох боломжгүй, Унгерны дивиз цагаантны үлдэгдэл хүчийг цуглуулан хүчээ зузаатгаад улаан цэрэгтэй тулалдах, ялагдал хүлээх бүрдээ Монголруу эргэж бүгсээр байж ч мэдэхээр нөхцөл бүрджээ. Энэ байдлыг таньж, тооцсон хойд хөрш маань Хиагтад Түр засгийн газар байгуулах, журамт цэргийн хороо байгуулах, “мөнхүү засгийн газрын урилга, шийдвэрээр” Монголын хилд нэвтрэн орж Унгерны дивизийг, цагаан цэргийн үлдэгдэл хүчнүүдийг бут цохих өвөрмөц тактик боловсруулж хэрэгжүүлжээ.
 
Хиагтад болсон хурал, зөвлөлгөөнд яг Ар Монголоос, яг Хүрээнээс ирсэн төлөөлөгч хэдхэн хүн оролцсон нь үнэн. Гэхдээ уг хурал, зөвөлгөөнд оролцсон орос, монгол хэлтэй буриад хүмүүс бол угтаа Их Монгол улсын л харъяатууд, Чингисийн эзэнт гүрний л иргэд шүү дээ.
 
Нарийн ярих аваас Дамдины Сүхбаатар ч мөн буриад гаралтай, Монголын гүнрүү шилжин нутаглаж байсан буриад айлын хүү. Тэр цаг үед халимаг, буриад, барга, тува, цахар эрчүүд бүгд Их Монголын харъяатууд хэмээн тооцогдож байв. Тэгэх ч ёстой. Хүннүгийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд багталцан байсан олон хэлний нүүдэлчдийн хэн нь ч гэсэн “би Хүннү хүн” гэж хэлэх эрхтэй. Энэний нэгэн адил Их монгол улсын бүрэлдэхүүнд байсан монгол угсааны аль ч ястны хүн ард өөрийгөө “би, бид монголчууд” гэж нэрлэх эрхтэй. Тэгэхлээр Хиагтын хурал, зөвөлгөөнд оролцож, түр засгийн газар, журамт цэргийн хороог зохион байгуулалцаж байсан монгол угсааны иргэд бол мөнхүү хурал, зөвөлгөөний зүй ёсны л төлөөлөгчид юм. Тэр цаг үед яг л ингэж үзэх, тооцох нь зөв байжээ. 1915 оны Хиагтын Орос, Хятад, Монголын хэлэлцээрээр Ар Монголыг Хятадын Автономит муж хэмээн тохиролцчихсон, дэлхийд зарлачихсан байсан болохоор 1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал ялаагүй бол, Оросын шинэ засаг, төр Хаант Оросын үеийн шударга бус гэрээ, хэлэлцээрээс бүрэн татгалзаагүй бол Ар Монголын тусгаар тогтнол бараг л боломжгүй байх байлаа. Хувь улс төрчийн (гадаад) нөлөө, оролцоог тооцох аваас (тооцох ч ёстой) В.И.Ленин, И.В.Сталин, Барон Унгерн нарыг нэрлэх, үнэлэх учиртай. Тухай тухайн үеийн олон улсын нөхцөл, байдал, цэрэг-дайны хэрэгцээ, шаардлага, марксист-ленинист үзэл суртал гэх хүчин зүйлүүдийн хам нөлөө, оролцоо ч энд мөн дурдагдах, үнэлэгдэх ёстой. Түр засгийн газар, ардын журамт цэрэг Оросын улаан армийн сүр хүч, ивээлийн дор Их Хүрээ дэх засгийн газрыг татан буулгаж Монголын улстөр, цэргийн эрх мэдлийг тайвнаар шилжүүлэн авчээ. Чингэж гамин цэргийг Унгерны дивизтэй хамтран монголчууд бутцохиж, харин цагаантны хүчийг Оросын улаан цэрэг бутцохиж Ар Монгол Зөвлөлт Оросын дагуул орон, Коминтерны туршилтын талбар болж үлдсэн түүхтэй.
 
Аажимдаа Ар Монгол нь Орос ба Хятадын хоорондох бамбай, бүр хамгийн найдвартай Бамбай болжээ. Учир нь Орос, Хятадын хооронд зөрчил, тэмцэл үүслээ гэхэд л хэзээнээсээ Манж, Хятадад дургүй монголчууд мөнхөд л Оросод талтай байх нь тодорхой билээ.
 
Ар Монгол ба Оросын хооронд давхар зөөлөвч бас байгаа болохоор бүр ч найдвартай болчихож байгаа юм. Энэ бол Халимаг, Тува, Буриад, Барга нарын нутаг, орон зай, хүн ард. Тэд Оросод бүх талаар уусаж дуусталаа Монголд элэгтэй байх нь мэдээж болно. Манжийн төрийг зөөлөн аргаар мөхөөж, манж нарыг өөртөө уусгаж чадсан Хятад (Шинэ Хятадын эрх баригчид) Манж чин улсын вассал, колони байсан улс орнуудыг хуучин янзаар нь эрхшээн захирахыг шууд зорилгоо болгожээ. Тэд Ар болон Өвөр Монголыг Хятадын муж болгон үлдээхийн тулд тэр цаг үеийн Банчин Богдыг хүртэл ашиглаж байлаа. Гэхдээ Хятадын дотоод дахь тэмцэл, зөрчил, Японы түрэмгийлэл, Өвөр Монгол дахь бослого, хөдөлгөөн тэдний санаархалд боломж олгоогүй юм. Оросын төр, засаг Хятадын санаархлыг ч далдуур зөвшөөрдөг (нууц хэлэлцээрүүд), мөн Ар Монголын хүсэл, зорилгыг ч ил, далд дэмждэг овжин аргыг цагийн байдалд нийцүүлэн хэрэглэсээр байжээ. Тэр арга нь ч эцсийн дүндээ зөв үр дүнд хүргэсэн билээ. Тийм бодлого, хандлага л өнөөгийн бодит байдлыг буй болгожээ. Оросын хаант улс болон Манж чин гүрний хооронд тогтоод байсан хилээр тооцож Монголын газар нутгийг өөртөө нэгтгэх зорилго, оролдлого нь Хятадын талд олон бэрхшээл учруулах байсан нь тодорхой юм. Энэ нь ЗХУ ба Хятадын хооронд мөргөлдөөнийг үүдэж ч болох байв.
 
Ингээд бодохлоор Ар Монгол тусгаар улс болсон нь Оросод ч ашигтай, мөн Хятадад ч ашигтай үйл хэрэг мөн болно.
 
Хоёр том гүрэн хоорондоо шууд хиллэх нь сайн ч талтай, мөн сөрөг, муу ч байдаг нь түүхээр нотлогдсон үнэн билээ. Өнөө гэхэд л Оросын өмнөд хил ч тайван, Хятадын хойд хил ч тайван байгаа. Амар тайван хил хязгаартай байна гэдэг их ч том тух тохь, их ч том арвилан хэмнэлт, их ч том амар амгалан, их ч ховор тохиодог хувь тавилан юм. Европын нэгдсэн улсууд (Европын холбоо, Нато) ба Оросын Холбооны улсын хооронд хүн ам цөөтэй, хөгжлөөр сулавтар бамбай улсууд байсансан бол одоо Орос, Укрианы хооронд дэгдээд байгаа шиг дайн гарахгүй шүү дээ. Томчууд дундаа жийрэг, бамбайтай байх нь мөн ч олон талын ач холбогдолтой, энх тайвны үйлсэд тун ч хэрэгтэй.  
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn