“Шарилжгүй Улаанбаатар” аян яагаад үр дүнгүй байна вэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба жил бүрийн өдийд “Шарилжгүй Улаанбаатар” аян зохион байгуулдаг. Өнөө жилийн аян эхлээгүй байна. Сонгууль, наадам, амралт гэсээр шарилж, луулийг анхаарах хүн нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ-т алга. Нэг мэдэхэд хамар нь битүү, амьсгалж чадахгүй, хоолой нь хатсан, нүүр нь хавдсан, нулимс гүйлгэсэн, хоолой, чих нь загатнасан хүмүүс эргэн тойронд дүүрчээ. Эрүүл биднийг сонгуульдаж, наадан, зугаалж явах хойгуур ургамлын харшилтай хүмүүс амь наана, там цаана болчихжээ. Энэ бол шарилж, лууль хэдийнэ тоосоо гөвчихсөн, үрлэж эхэлсний дохио юм.
Монгол орны ургамлын аймагт бүртгэлтэй нийт ургамлын 7.2 хувь нь буюу 203 зүйлийн ургамал хүнд харшил үүсгэдэг. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн судалгаагаар манай улсын хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай байна. Шарилж, луулийн төрлийн ургамал агаарт их хэмжээний тоос цацаж, тоосжилт үүсгэснээс болоод хүнд харшил үүсгэж байгааг тус төв судалгаагаар тогтоожээ. Хөдөөний 1000 хүний 10 нь, Улаанбаатарын 1000 хүний 20 нь ургамлын тоосны харшилтай. Амьсгалын замын өвчтэй иргэдийн 68.3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосонд харшилдаг.
Өвслөг ургамал ургах суурь нөхцөл бүрдүүлдэг, доройтсон газрын хөрсийг элэгдэх, салхинд хийсэхээс хамгаалдаг гээд энэ ургамал байгальд хэрэгтэй. Гэвч хүнд харшил үүсгээд, зовоогоод байгаа учир хот, суурингийн шарилжийг устгахаас өөр арга одоогоор алга. Хөл газрын ургамлыг тоосоо гөвөх, үрлэхээс өмнө зуны туршид нийт 3 удаа хадаж, тайрч авах ёстой.
- Эхний тайралт: 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 1
- Хоёр дахь тайралт: 7 дугаар сарын 15-25
- Гурав дахь тайралт: 8 дугаар сарын 5-15
Ургамлын мэргэжилтнүүд ингэж зөвлөдөг. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулдаг аяны хугацааг харъя.
- 2016 он - 7 дугаар сарын 1-30, 8 дугаар сарын 1-30
- 2018 он - 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 10, 8 дугаар сарын 1-15
- 2019 он - 6-р сарын 20-ноос 7 дугаар сарын 5, 8 дугаар сарын 5-20
- 2020 он - 7 дугаар сарын 16-30, 8 дугаар сарын 15-29
- 2021 он - 7 дугаар сарын 16-30, 8 дугаар сарын 5-25
- 2022 он - 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 10, 8 дугаар сарын 1-13
- 2023 онд 6 дугаар сарын 26-ноос 7 дугаар сарын 25, 8 дугаар сарын 5-25
Шарилж, лууль 6 дугаар сарын сүүлчийн 7 хоногт тоосоо гөвж эхлээд, 7 дугаар сарын эхний 7 хоногт ид гөвдөг. Тоосоо гөвж эхлэх үеэр буюу 6 дугаар сарын 20-ноос хадахыг ургамал судлаачид зөвлөж байна. Тэгтэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба энэ хугацааг мөрдөхгүй, аяныг хэрэгжүүлэх хугацаа нь жил бүр өөр байгаа юм. Шарилж, лууль мэтийн хог ургамалд чийгээр нэг их дутдаггүй. Ган болж байхад ч ургаж л байдаг тэсвэртэй ургамал. Тиймээс энэ хог ургамлыг хадах, устгах хугацааг нарийн баримталж, оройтуулахгүй байх нь чухал байгаа юм. “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 7 дугаар сард эхлэх нь оройтсон борооны хойноос цув нөмөрч байгаа хэрэг юм л даа. Шарилж зулгааж байгаа хэдэн хүнийг ургамлын харшилтай болгоод л энэ аян үндсэндээ дуусдаг. Ажил эрхэлдэггүй 100 гаруй иргэнийг жилийн жилд түр ажилтай болгодог. Хөдөлмөр хамгаалалын иж бүрэн хувцас, хэрэглэл, автомат хадуур зэрэг багаж хэрэгслээр хангаж, өдрийн хоол, урамшуулал өгдөг.
2016 оноос хойш жил бүр уламжлал болсон энэ аяны үр дүн өдийд гарсан баймаар. Шарилж болон бусад хогийн ургамлыг 3 жил дараалан жилд 2 удаа тайрвал ургалт нь саарч, устах тухай Захирагчийн ажлын алба мэдээлдэг. Гэвч жилийн жилд ургадаг газартаа шарилж ургасаар л байна. Энэ бол тайрах хугацаа нь буруу, оройтоод байгаагийн илрэл.
Үүний зэрэгцээ нэг газрын шарилжийг нэг л удаа цэвэрлэж байгаа юм. Угтаа бол нэг газрын шарилжийг жилд 3 удаа, 3 жил дараалан хадвал 4 дэх жилээс тэнд шарилж ургахгүй болох магадлал маш өндөр. Гэтэл манайхан нэг газрын шарилжийг жилд ганц л удаа, тэгээд тоосоо гөвсөн, үрээ цацсан хойно нь цэвэрлэж байна. Ингэхээр шарилжнаас сална гэж хэзээ ч байхгүй. “Шарилжгүй Улаанбаатар” харшлын эсрэг аян ч сайхан нэрнээс цаашгүй, хэдэн даргын ажил хийсэн болж харагддаг, төсвийн мөнгө үрдэг аян болж хувираад байгаа юм.
Жишээлбэл, 2016 онд анх энэ аяныг зарлахдаа 7-р сарын 1-30-ны хооронд хотын төвийн бүх гудамж талбай, Нисэх, Яармагийн 8 км зам, Богд уулын арын 16 км зам дагасан нийт 70 мянган ам метр газрын зэрлэг ургамлыг устгажээ. Энэ бол наадам, АМЕМ-д зориулсан цэвэрлэгээ байв. Энэ хавийн шарилжийг дахин цэвэрлээгүй. 8 дугаар сарын 6, 20-нд Сэлбэ, Дундгол орчим, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх 17 км урт төмөр зам дагаж ургасан зэрлэгийг устгажээ. Энэ хавийн шарилжийг аяны эхний шатанд цэвэрлээгүй юм.
“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд цэвэрлэсэн талбайн хэмжээ
- 2016 онд 2.2 сая ам метр
- 2017 онд 2.7 сая ам метр
- 2018 онд 4.2 сая ам метр
- 2019 онд 4.2 сая ам метр
- 2020 онд 4.8 сая ам метр
- 2022 онд 1.4 сая ам метр
- 2023 онд 3.7 сая ам метр
Энэ их талбайд шарил устгах ажлыг хугацаанд нь технологийн дагуу явуулсан бол ийм хэмжээний талбай өдийд шарилжнаас салчихсан байх байлаа. Гэвч тэгсэнгүй дээ...
https://time.mn/v80.html