Япон, БНСУ-ын удирдагчид харилцаагаа сайжруулж, харилцан айлчлалаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо
ТОКИО. /Kyodo/. Япон, БНСУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт боллоо. Талууд дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой томоохон маргааныг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх замаар харилцаагаа хэвийн болгохын тулд 12 жил завсарлаад байсан удирдагчдын харилцан айлчлал, хоёр талын аюулгүй байдлын хэлэлцээг сэргээхээр тохиролцсон байна.
Токио хотноо болсон хэлэлцээний үеэр Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Японд айлчилсан БНСУ-ын анхны Ерөнхийлөгч болсон Юн Сог Ёль нар “нягт харилцаа холбоогоо” хадгалж, улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотолжээ.
БНСУ дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх саналаа өнгөрсөн долоо хоногт танилцуулсны дараа Юн Сог Ёль Японд хоёр өдрийн айлчлал хийж буй нь энэ юм. К.Фүмио уг шийдвэрийг Токио-Сөүлийн харилцааг сайжруулах “томоохон алхам” хэмээн тодорхойлжээ. Хоёр талын харилцаа Дэлхийн II дайнаас хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн гэж зарим шинжээч үзэж байв.
Хэлэлцээний дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр К.Фүмио, хоёр талын харилцааг бэхжүүлэх нь “яаралтай тулгамдсан асуудал” гэдгийг онцлоод, БНСУ-д “тохиромжтой цагтаа” айлчлах талаар тунгаан бодно хэмээн мэдэгджээ. Харин Юн Сог Ёлийн хувьд, БНСУ түүхэн маргааныг шийдэх саналаа танилцуулсан нь хоёр орныг ирээдүйг харсан хөгжлийн талаар яг одооноос хэлэлцэх үндэс суурийг тавилаа гэв.
БНАСАУ-аас учрах цөмийн болон пуужингийн аюул занал улам даамжирч, БНХАУ цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Япон улс БНСУ-тай Гадаад хэрэг, Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийг оролцуулсан аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээг удахгүй эхлүүлнэ гэж К.Фүмио мэдэгдсэн байна. Ийм хэлэлцээ хамгийн сүүлд 2018 онд болж байв.
Юн Сог Ёлийн хэлснээр, БНСУ Японтой байгуулсан Цэргийн мэдээллийн аюулгүй байдлын хэлэлцээр /GSOMIA/ хэмээх тагнуулын мэдээлэл солилцох гэрээг “бүрэн хэвийн болгосон” байна. Түүний өмнөх Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уг гэрээг цуцална гэж сүрдүүлж байсан удаатай.
Пүрэв гаргийн өглөө БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин тив алгасагч бололтой баллистик пуужин харвасан юм. Пуужинг Япон тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж үзэж байна. Токиог зорихынхоо өмнөхөн Юн Сог Ёль Үндэсний аюулгүйн зөвлөлийг хуралдуулж, БНАСАУ бодлогогүй өдөөн хатгасан үйлдлийнхээ хариуг хүртэх болно гэж мэдэгдсэн.
К.Фүмио, Юн Сог Ёль нар мөн эдийн засгийн аюулгүй байдлын яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү яриа хэлэлцээний хүрээнд талууд хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэж, дэлхий дахинд чипний хомсдолын улмаас тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа аж.
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг