Дубайд согтууруулах ундааны худалдааны 30 хувийн татварыг цуцалжээ

42

КАИР. /TASS/. Дубайн эрх баригчид согтууруулах ундааны худалдаанд тухайн барааны үнийн дүнгийн 30 хувийн татвар оногдуулдаг байсныг цуцлах шийдвэр гаргасныг АНЭУ-д согтууруулах ундааны жижиглэн худалдаа эрхэлдэг "Maritime and Mercantile International" (MMI) компани мэдэгджээ. 
 
“Энэхүү шинэ журам нь Дубай болон АНЭУ-ын хэмжээнд согтууруулах ундааны хариуцлагатай, аюулгүй хэрэглээг хангахад чухал ач холбогдолтой" гэж ”MMI" компанийн мэдэгдэлд дурдсан байна. Тус компани нь мөн Дубай дахь өөрийн бүтээгдэхүүний худалдааны сурталчилгаандаа “Энэ барааг авах гэж өөр Эмирт руу зорчих шаардлагагүй боллоо” гэсэн өгүүлбэрийг тодотгон ашиглаж байгаа аж.
 
Сүүлийн жилүүдэд Дубайд согтууруулах ундааны худалдаанд тавьдаг журмыг аажмаар сулруулж байгаа юм.
 
 
Тухайлбал, Рамадан сарын үеэр өдрийн цагаар согтууруулах ундаа худалдан авах боломжтой болоод удаагүй байгаа бол цар тахлын үеэр гэртээ согтууруулах ундаа хүргүүлэх боломжтой болжээ.
 
Гэсэн хэдий ч дээр дурдсан 30 хувийн татвараас болж Дубайн иргэд согтууруулах ундааг татваргүй, бөөний үнээр худалдан авахын тулд хөрш зэргэлдээх Умм-эль-Кайвайн хот руу зорчиж байжээ. АНЭУ-ын Эмирт бүр өөрийн гэсэн согтууруулах ундааны бодлоготой. Тухайлбал, Шаржа хотод согтууруулах ундаа хэрэглэх хориотой. АНЭУ-д 21-ээс дээш насны лалын шашинт бус хүмүүс тусгай картаар согтууруулах ундаа худалдан авах эрхтэй байдаг бөгөөд энэ картыг Цагдаагийн газраас олгодог. Хэрэв ийм картгүй иргэд согтууруулах ундаа худалдан авах эсвэл хэрэглэвэл торгуулах, цаашилбал баривчлагдах шийтгэл оногдуулдаг байна. 
 
 
Д.ОдонЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn