Норихико Като: Голомт банк хөгжлийнхөө шинэ шатанд гарч байна
Монголын анхны хувийн хэвшлийн банкнуудын нэг болох Голомт банк олон нийтийн компани болох шийдвэрээ өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Улс орны эдийн засагт ч нөлөө үзүүлэх энэхүү чухал шийдвэрийн талаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Катотой ярилцлаа.
– Голомт банкны хувьд түүхэн өдрүүд тохиож байна. Танд болон та бүхэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Тийм ээ. Бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монголын санхүүгийн зах зээлийн 20 шахам хувийг бүрдүүлдэг салбарын гол тоглогч болтлоо өсөж хөгжжээ. Бид бүгд олон нийтийн компани болох энэхүү үйл явцыг байгууллагын хөгжлийн шинэ түвшинд гарах боломж гэж харж байгаа. Ийм ч учраас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон цагаас эхлэн системийн нөлөө бүхий банкнууд олон нийтийн компани болох үйл явцад манлайлан оролцсоор өнөөдөртэй золгож байна.
“Голомт банкны 27 жилийн түүх, өнөөдрийн хүрсэн амжилт маань юу юунаас илүү бидний танилцуулга болно.”
-Голомт банкны хувьцааг хөрөнгө оруулагчид маш ихээр сонирхож байна. Та эдгээр хөрөнгө оруулагчдад хувьцааны мэдээллээ танилцуулаач?
-Голомт банк 10.09%-ийг олон нийтэд санал болгож байгаа. Нэгж хувьцааны үнэ 1,285 төгрөг. Олон нийтээс 103 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Нийт татан төвлөрүүлэх хөрөнгийн 80%-ийг стратегийн хөрөнгө оруулагчид буюу 200 сая төгрөгөөс дээш хэмжээтэй хөрөнгө оруулалт хийж, 6 сарын хугацаанд ямар нэг хөдөлгөөн хийхгүй нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа. Харин үлдсэн 20%-ийг нь жижиглэнгийн хөрөнгө оруулагчдаас бүрдүүлнэ. Манай хувьцааны танилцуулах аян 11-р сарын 16-наас эхлэн ажлын 5 өдөр үргэлжилнэ, харин энэ сарын 23-наас 30-ны өдрийн хооронд анхдагч зах зээлийн захиалга явагдаж хаагдана.
-Та танилцуулах аян 5 өдрийн турш үргэлжилнэ гэж хэллээ. Өмнө нь IPO хийж байсан компаниудын хувьд энэ хугацаа илүү урт байсан санагдаж байна.
-Зохицуулалтаараа бол хувьцаа гаргаж, олон нийтийн компани болж байгаа компаниудын хувьд хувьцаагаа танилцуулах ажлын 10 хүртэлх хоногийн хугацаа олгогдсон байдаг. Бидний хувьд харьцангуй богино хугацаанд танилцуулга хийхээр шийдсэн нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, Голомт банк 27 жилийн түүхтэй. Өнгөрсөн түүх, өнөөдрийн хүрсэн амжилт маань юу юунаас илүү бидний танилцуулга болно гэж бодож байна. Хоёрдугаарт, нийт эдийн засгийн идэвхтэй хүн амыг 1 сая 150 мянган хүн гэж үзвэл тэдний 90 хувь нь манай банкны харилцагчид. Харилцагчид маань Голомт банкны хувьцааны талаар маш их асууж, мэдээлэл хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл эрэлт маш их байгаа нь бидэнд мэдрэгдэж байна. Гуравдугаарт, өнгөрсөн 3-р сараас хойш бид Голомт банкныхаа үйл ажиллагаа, санхүүгийн үр дүн, ирээдүйн стратеги гээд олон чухал мэдээллүүдээ иргэд, харилцагчдадаа идэвхтэй хүргэсээр ирсэн. Дээрх шалтгаануудыг харгалзан үзэж 5 өдөрт нэмэлт мэдээ, мэдээллүүдээ хангалттай сайн хүргэж чадна гэж төлөвлөсөн юм.
“Голомт банк олон нийтэд нээлттэй болсноор зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг санхүүжүүлэх зэргээр улс орны эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ.”
-Тэгвэл хөрөнгө оруулагч яагаад Голомт банкны хувьцааг сонирхох ёстой юм бэ?-Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засаг сүүлийн 10 жилд 4.4 дахин их өссөн бол банкны салбар 6.6 дахин өссөн байдаг. Өөрөөр хэлбэл бидний ажиллаж буй салбар МУ-ын эдийн засгийн өсөлтөөс хурдтай өсөж буй салбар юм.
Хоёрдугаарт, бүх өндгөө нэг сагсанд бүү хий гэсэн зарчмыг хөрөнгө оруулалт сонирхдог хүн бүр мэднэ байх. Банк бол өөрөө хөрөнгө оруулагч байгууллага. Ийм ч учраас Голомт банк нэг салбар, секторт төвлөрөхөөс зайлсхийдэг. Манай банкны нийт зээлийн 40 орчим хувийг иргэд, 60 орчим хувийг байгууллагын зээл бүрдүүлдэг. Мөн нийт зээлийн 18%-ийг хэрэглээний зээл, 21%-ийг ипотекийн зээл, 26%-ийг жижиг дунд аж ахуйн нэгжийн зээл, 35%-ийг томоохон байгууллагуудын зээл тус тус эзэлж байна. Харилцагчаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд иргэд ба байгууллага бараг эн тэнцүү байна. Энэ бүхэн Голомт банк нь аль нэг салбараас хамааралгүй, эрсдэл багатай гэдгийг баталж байгаа юм.
Гуравдугаарт, Голомт банк салбартаа технологиор тэргүүлэгч. Өнөөдөр аль ч салбарын хувьд технологийг хэн түрүүлж өөриймшүүлж, тэргүүлж байна тэр өрсөлдөөнд тэргүүлдэг болсон. Өнөөдөр нэг ажилтны бүтээмжээр Голомт банк салбартаа тэргүүлж буй нь үүнийг батална.
Эцэст нь, манай засаглал. Голомт банк олон улсын шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн Төлөөлөн удирдах зөвлөлтэй. Одоогоор манай Төлөөлөн удирдах зөвлөлд таван өөр улсын банк, санхүүгийн салбарын шилдэг мэргэжилтнүүд ажиллаж байна. Ийм Төлөөлөн удирдах зөвлөлтэй банк Монголд өөр байхгүй.
-Голомт банканд хөрөнгө оруулж, урт хугацаанд хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчдын хувьд дунд, урт хугацааны стратегийн талаар мэдээлэл авахыг хүсэж байгаа байх. Та энэ талаар мэдээлэл өгөөч?
-Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа технологийг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласан. Үүний үр дүнд Нээлттэй банк гэсэн стратегийг Монголд анхлан хэрэгжүүлж байна. Энэ нь технологийн боломж дээр тулгуурлан үүсгэсэн дэд бүтэц, олж авсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж, харилцагчидтайгаа өсөж хөгжих зарчим юм. Энэхүү технологийг тэргүүлэгч чиглэлээ болгосон стратеги маань дараагийн нэг боломжийг бидэнд олгосон. Энэ бол залуучууд. Голомт банк залуу хэрэглэгчдийн зах зээл дээр тэргүүлэгч банк. Ирээдүйд Монголын эдийн засгийг авч явах Z үеийнхэн уламжлалт банкны үйлчилгээг төвөгшөөдөг болсон. Тэд салбарт эсвэл АТМ дээр очиж банкны үйлчилгээ авахаас аль болох татгалзаж, технологид тулгуурлан банкны үйлчилгээг авахыг хүсэж байна. Манай Нээлттэй банкны стратеги тэдний энэ хүсэлтэй яв цав таардаг.
Дараагийн бидний зорилт бол технологиор дамжуулан банкны үйл ажиллагааг автоматжуулснаар банк өөрөө болон харилцагч иргэд, байгууллагын экологид учруулж буй хор хөнөөлийг бууруулах замаар ногоон хөгжил, тогтвортой санхүүжилтийг бий болгохоор ажиллах юм.
-Хөрөнгө оруулахаар сонирхож буй хөрөнгө оруулагчид хувьцааны талаар болон Голомт банкны ирээдүйн төлөвлөгөөний талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл хаана хандах вэ?
-Та ipo.golomtbank.com цахим хуудас болон өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны салбарууд, Шангри-Ла худалдааны төв болон Централ тауэрт энэ сарын 17-ноос 25-ны хооронд нэгдсэн мэдээллийн төвд хандан мэдээлэл аваарай. Мөн “Инвескор Капитал” ҮЦК, “Голомт Капитал” ҮЦК болон өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниас үнэт цаас болон хэрхэн хөрөнгө оруулах талаарх мэдээллүүдийг авах боломжтой.
-Баярлалаа. Голомт банк олон нийтэд нээлттэй банк болох үйл ажиллагаанд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: Өдрийн сонин