Түгжрэлийг бууруулах чиглэлд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байна

330


Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүд, тэр дундаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлд хийж буй ажил ямагт олны анхаарлын төвд байдаг. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд ч өндөр хэмжээнд яригддаг дээрх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг өгч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доор нийтэлсэн хавсралт файлаас авч болно.

2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас авто замын түгжрэлийг бууруулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байгаа. Хамгийн том гурван ажлаас дурдвал газар чөлөөлөлтийн ажилд 88 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Нийт 390 тэрбум орчим төгрөгийн газар чөлөөлөлтийн нөхөн олговор шаардлагатай байгаа. Үүнд нийт мөнгөн дүнгийн 30 орчим хувийг төсөвлөсөн. Хоёрдугаарт нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, нийтдээ 600 орчим автобус шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогоор нийслэлийн хэмжээнд 106 чиглэлд 1000 хүрэхгүй автобус зорчиж байна. Эдгээрийг 124 чиглэл болгон өргөтгөж, богино эргэлттэй болгох, нийтийн тээврийг цогц шинэчлэхэд нэмж 1430 автобус шаардлагатай байгаа. Үүнээс 1130 автобусыг 2020-2024 онд шинэчлэхээр тооцоолсон. Урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтэд үйлчилж буй хоёр давхар автобус болон сургуулийн автобус зэрэг 100 орчим автобус одоогоор орж ирсэн. Үлдэгдэл автобусуудыг ирэх 11-12 дугаар сарын үед ирэх төлөвлөгөөтэй байна.

Гурав дахь асуудал нь 170 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил юм. Энэ жил 100 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 100 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс тус тус шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын хэмжээнд дөнгөж 100 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт хүлээн авах хүчин чадалтай байсан. Гэтэл цэцэрлэгийн насны 141 мянган хүүхэд бий. Тиймээс энэ жил богино хугацаанд 32 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд зохион байгуулсан. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлснээр түгжрэл 20 хувиар буурна гэсэн судалгаанд үндэслэж энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн юм. Ирэх жил сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ. Үндсэндээ НИТХ-аас баталсан 414 тэрбум төгрөгөөс 270 тэрбум төгрөгийг дээрх гурван төрлийн ажилд зарцуулаад байна.
6318517d8c81e851e4148920-1280x871 Түгжрэлийг бууруулах чиглэлд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байна
Нийслэлийн хэмжээнд 13 байршилд 228 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын байгууламжийн ажил үргэлжилж буй юм. Үүний 70 тэрбум төгрөгийг 2022 онд олгож байна. Зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгаж газар чөлөөлөх ажил ч үргэлжилж байгаа. Тодруулбал, энэ онд 188 байршилд 4860 гарааш буулгахаас 3621 гараашийг буулгаад байна. 376 байршилд 20.2 км хашаа хайс буулгахаар төлөвлөснөөс 198 байршилд 9.5 км хашаа хайс буулгасан. Чөлөөлсөн газрыг ногоон байгууламж, замын байгууламж, зогсоол болгон тохижуулж байна. Энэ ажилд 31 тэрбум төгрөг зарцуулж байгаа.

RFID БУЮУ РАДИО ДАВТАМЖИЙГ АШИГЛАХ СИСТЕМИЙГ ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Улаанбаатар хотод зам тээврийн удирдлагын ухаалаг систем нэвтрүүлснээр түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах үндсэн зорилтод хүрэхэд 30 хувийн нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол бий. Зам тээврийн удирдлагын ухаалаг системийг үндсэн гурван чиглэлээр хэрэгжүүлж байна. RFID буюу радио давтамжийг ашиглах систем үүнд багтана. Энэ нь камерын систем биш, харин автомашины зорчилтыг уулваруудад таних шинэ уншигч юм. Удирдлага, хяналтын энэхүү системийг шинээр төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлж байна. Тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, иргэд цаашдаа цахимаар торгууль төлдөг систем рүү шилжих юм. Үүнд 22.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улаанбаатар хотын гудамж, зам , талбайг камержуулах ажилд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.

Авто замын сүлжээний хөндлөн, босоо чиглэлд гол болон туслах зам барьж, зогсоолуудыг нэмэгдүүлж байгаа. Их багтаамжийн буюу 5 болон 9 давхар зогсоолыг барьж байгуулахад найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Явган хүний 16.8 км зам, унадаг дугуйн 14.4 км замыг шинээр тавьж байна. Энэ ажилд 11.2 тэрбумыг зарцуулж байгаагаас гадна 74 ил зогсоолыг шинэчилж байгаа. Энэ бүхэн 414 тэрбум төгрөгийн төсөвт багтсан ажлууд юм. Нийт төсөвт өртгийн 62 хувьтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт он дамнан хэрэгжихээр байгаа. Өөрөөр хэлбэл 40 хүрэхгүй хувь нь 2022 ондоо багтаж дуусна. Тиймээс ч энэ зохицуулалтыг гурван жилийн төлөвлөлттэй хийж байна. Харамсалтай нь 2023 оны төсвийн 70 орчим хувийг 2022 он дамнасан төсөв эзлэх магадлалтай байна. Ирэх онд томоохон ажил эхлэх гэхээс илүү өмнөх оны ажлыг гүйцээх төсвүүд голчлох юм.

ЗАМЫН ТӨЛБӨР ХУРААМЖИЙГ КМ ТУТАМД 15 ТӨГРӨГӨӨР ТООЦОЖ АВДАГ БОЛНО
Зам тээврийн түгжрэлийг бууруулах чиглэлд зөөлөн, хатуу бодлогыг хослуулан хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын 1181 км орчим замын 85 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, жил бүр нөхөөс, засвар хийдэг замууд байна. Замын сангийн хөрөнгө зам ашигласны төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамааран бага оврын машин 20,000, том машин 40,000 төгрөгийг жилдээ төлдөг. Зам тээврийн удирдлагын ухаалаг систем RFID ашиглалтад орсноор замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно. Нийслэл хотын иргэд жилд дунджаар 10 мянган км зам туулдаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн Улаанбаатарт зорчиж буй машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машинууд байдаг гэсэн судалгаа бий. Ний нуугүй шууд хэлэхэд ойрын аймаг, сумдын иргэд амралтын өдрүүдэд ирж, такси үйлчилгээ эрхэлж, ашиг олдог. Эдгээр машины хувьд км тутамд төлөх төлбөр нь 45 төгрөг байх юм. Товчоодоор орж ирэхэд 1500 төгрөг төлдөг хэвээр байна.
Мөн их багтаамжийн зогсоолуудыг шинээр барьж эхэлсэн. Ингэснээр хөдөө, орон нутгаас ирж байгаа хүмүүс үнэгүй зогсоолд машинаа тавих боломжийг бүрдүүлнэ. Хотын хоёр захад байрших их багтаамж зогсоолууд руу богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно. Өөрөөр хэлбэл цаасан хэлбэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, тусгай мэдрэгч /tag/-тэй болно. Тэрхүү мэдрэгчийг ашиглаж төлбөр тооцоог бүртгэж, бүрэн барагдуулахад анхаарах юм. Төлбөр тооцоо төдийгүй автомашины үзлэг оношилгооны хамрагдалтыг ч нэмэгдүүлнэ. Цаашид Улаанбаатар хот тээврийн хэрэгсэл төдийгүй шатахууны хувьд ч стандарт тогтооно. Нийслэлийн агаарын бохирдол асар их байгаатай холбоотойгоор шатахууны стандарт тогтоохоор яригдаж байгаа.

1.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАСАН УУ?
Өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсөвт тодотгол хийж, өөрчлөлт оруулсан. Тэрхүү өөрчлөлтөд туссан нэгэн зүйл нь 1.8 тэрбумын тендерийн зардал юм. Нийслэлд томоохон мега төслүүд болох шинэ тойрог зам, LRT, дүүжин тээвэр зэрэг төсөлд олон улсын хэмжээний оролцогч татах, хөрөнгө оруулагчдыг авчрахын тулд тэдэнд зориулсан мэдээлэл зайлшгүй шаардлагатай. Ганц жишээ татъя. Шинэ тойрог зам л гэхэд нийтдээ 71.5 км, эхний ээлжинд Туулын эрэг дагуух 33.4 км замыг ашиглалтад оруулах гэж байна. Энэхүү зам нь зургаан түвшний уулзвартай. Энэхүү замд хэрэглэгдэх далангийн материал л гэхэд Улаанбаатараас Баян-Өлгий орох хэмжээний материал шаардлагатай болж байгаа. Юун түрүүнд инженер геологийн судалгаа болон байр зүйн дэвсгэр зураг хийх ёстой. Мөн байгаль орчны урьдчилсан нөлөөллийн судалгаа хийх, зорчилтыг тооцоолох гэхчлэн ажлуудыг энэ хүрээнд хийх юм.

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?
2020 оны наймдугаар сард Франц, Монголын талаас гэрээ зурахдаа дүүжин тээврийн эхний чиглэлийг тодорхой зааж, хоёр дахь чиглэлийг нээлттэй орхисон юм билээ. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон чиглэлийн хувьд ТЭЗҮ хийх явцад хүндрэлтэй зүйлс гарч ирсэн. Уг чиглэлд маш олон гэр хорооллын дээгүүр явахын дээр барилга угсралт, газар чөлөөлөлтөд төвөгшил их гарч, иргэдийн зорчилт тааруу байхаар судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс нэгдүгээр чиглэлийг хотын зүүн чиглэлд барья гэсэн санал гаргасан. Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна. Нэгдүгээрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн санал өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, санал нэгдээгүй байна.

Нээлттэй орхисон 22.5 сая еврогийн өртөг бүхий хоёр дахь чиглэлийн хувьд ТЭЗҮ-г боловсруулаад дуусаж байна. 2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулах юм. Дүүжин тээвэр барих “Пома” компанийн хувьд дэлхийн 16 оронд 88 төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани. Өөрийн гэсэн стандарттай, тухайн орны далайн түвшний даралт, салхины хүч, зорчигчдын тооноос хамааран ТЭЗҮ боловсруулдаг аж. Манай орны хувьд 2.8 минут тутамд нэг кабин байршуулж, цагт 1500-2000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр барьж байгуулахаар ТЭЗҮ-д тусгажээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn