Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.05.18) цахимаар боллоо. Зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн удирдах ажилтнууд, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар оролцлоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн долоо хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар Дотоод аудитын албаны дарга Б.Туяа танилцуулж, газар чөлөөлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг сонссон юм.
Дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлт болон зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж болоод дүүргийн Засаг даргын өгсөн албан даалгаврын хүрээнд дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлт болон зөрчлийг арилгуулах талаар ямар арга хэмжээ авсан талаар дүүргийн Газар зохион байгуулалтын албан дарга Г.Мөнхбаатар танилцуулсан.
Тэрбээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дүгээр захирамжийн хүрээнд 19 байршилд 122 зөрчлийн судалгааг гаргаж мэдэгдэх хуудсыг газар дээр нь хүргүүлсэн. Энэ ажлын хүрээнд дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар палас”-ын ар талын үерийн даланг даган нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон гараашийг буулгах ажлыг энэ сарын 12-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэлээ.
Мөн өчигдрөөс эхлэн энэ сарын 21-ний өдрийг хүртэл V хороонд 3, наймдугаар хороонд 1 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийнэ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд III хорооны 27 байршилд зөрчил арилгах арга хэмжээ хийгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн. Мөн уг захирамжийн хүрээнд III хороонд “Уран ган” ХХК, “Монгол 99” ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан төмөр хашааг буулгаж зөрчлийг арилгасан.
Түүнчлэн Дүүргийн засаг дарга 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 01 албан даалгаврын дагуу нийт 9 заалтын 14 байршилд 189 зөрчилд УОК болон НОК-ийн шийдвэрийн дагуу хөл хорионы үед мэдэгдлийг хүргүүлэн ажиллалаа. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нэмэлт ажил хийгдээгүй. Газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэсний дараа газар чөлөөлөх ажил хийгдэнэ гэсэн юм.
Б.Мөнгөнхуяг: Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хүрээнд ажиллаж байна
Дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Төрийн захиргааны Удирдлагын хэлтсийн дарга Б. Мөнгөнхуяг дүүргийн Удирдах ажилтнууд болон хороодын Засаг дарга нарт төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, “Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “Сахилга, хариуцлагыг сайжруулах” жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хүрээнд ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Ёс зүйн зөвлөл хуралдаж гурван албан хаагчийн асуудлыг авч хэлэлцсэн. Хоёр албан хаагчийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэсэн. Нэг албан хаагчийн ёс зүйн зөрчсөн нь нотлогдоогүй байна” гэсэн юм.
Дархлаажуулалтын долоон цэгт нийт 1156 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа
Дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын долоон цэгт нийт 1156 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Үүнд эхний тунд 815, давтан тунд 341 иргэн хамрагдсан байна. Түүнчлэн цар тахал гарсан онц байдлын үед дүүргийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын 247 эмч сувилагч, Өрхийн эрүүл мэндийн төвийн 240 албан хаагч нийт 487 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоонд дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчээр ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй баг үүрэг гүйцэтгэж байна гэв.
ЭЕШ-д орох сурагчдыг дархлаажуулах ажлыг эрчимжүүлнэ
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ ЭЕШ-д орох сурагчдыг вакцинжуулалтад хамруулах нэг сорилт гарч ирсэн. Энэ жил нийт 40,420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Тэдгээрийн 13,636 нь 19 настай бол 25,082 нь 18 настай. Тэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Бусад төгсөгчдийг дархлаажуулалтад хамруулах боломжийг Улсын Онцгой комисс, Засгийн газартай зөвшилцөн шийднэ” гэж мэдээлж байсан. Тэгвэл элсэлтийн Ерөнхий шалгалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор төгсөх ангийн сурагчдыг яаралтай дархлаажуулах шаардлага гарсан гэдгийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга онцолсон. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга Боловсролын хэлтэс энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.
Зүлэгжүүлэх ажлыг ирэх сарын 10-20-ны хооронд хийнэ
Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Жишиг ногоон дүүрэг” уриан дор дүүргийнхээ бүх сургууль цэцэрлэгийн хашаанд мод тарьж, зүлэгжүүлэх орчны газрыг тохижуулах захирамжийг гаргасан юм. Тэгвэл энэхүү захирамжийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн мэдээлэл өгсөн. Тэрбээр “Дүүргийн хэмжээнд мод тарих, зүлэгжүүлэх ажлыг гурван үе шаттай эхлүүллээ. Энэ сарын 15-нд Ерөнхий боловсролын 13, 47, 70, 78, 96 дугаар сургууль, сургуулийн өмнөх боловсролын 11, 15, 47, 57, 88, 94, 96, 114, 198, 278 дугаар цэцэрлэгийн хашаанд 450 мод тарьсан. Одоо зургадугаар сарын 10-20-ны хооронд зүлэг тарина. Ирэх аравдугаар сард дахин арван цэцэрлэгийн хашаанд мод тарина. Ингэснээр иргэдийн эрүүл аюулгүй амьдрах, сурч хөгжих таатай ногоон орчин бүрдэнэ гэсэн юм.
“Баянгол- Агропарк” ОНӨТҮГ-ынхан 25 хорооны иргэддээ сургалт явуулж, нарийн ногоо тариална
Дүүргийн шуурхай зөвлөгөөний үеэр “Баянгол-Агропарк” ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов цаг үеийн асуудлаар товч мэдээллийг өгсөн. Тэрбээр “Баянгол- Агропарк” ОНӨТҮГ-ын хувьд дүүргийнхээ 25 хорооны Засаг даргатай хамтран ажиллаж байна. Тодруулбал, манайхаас 25 хороондоо нэг нэг гээд нийт 25 хүлэмж гаргаж өгсөн. Энэ тухай удирдамжийг баталж хүргүүлсэн байгаа. Удирдамжийн хүрээнд хороо бүрээс таван өрхийг сонгон шалгаруулж, 3 хоногийн сургалтад хамруулаад нарийн ногоо тариалах юм. Үүнд манай хороодын Засаг дарга нар идэвх санаачилгатай оролцоорой” гэсэн юм.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга “Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн байгууллага бие биетэйгээ уялдаа холбоотой хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал,“Баянгол- Агропарк” ОНӨТҮГ-ынхан дүүргийнхээ Тохижилт үйлчилгээний “Баянгол шинэ Өргөө” компани болон цагдаа, ЭМТ-ийнхөндөө зориулж хүлэмж гаргаж өгөх боломж бий юу. Эдгээр газруудад олон хүн ажилладаг түүнийг дагаад ажилтан, албан хаагчдынхаа хоол хүнсэнд анхаарах шаардлага зайлшгүй гардаг учраас дотоод нөөц боломжоо ашиглаад хамтарч ажилламаар байна” гэсэн. Энэ асуултад “Баянгол-Агропарк” ОНӨТҮГ-ын дарга “Бид яг өнөөдрийн байдлаар манайхан бүх хүлэмжээ ашиглаад дүүргийн хэмжээнд тарих модны үрсэлгээг ургуулж байна. Гэхдээ бид боломж нөхцөл ямар байгааг эргэж харна. Ирэх жилээс энэ асуудалд анхаарч ажил хэрэг болгох боломжтой” гэсэн юм.
Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлнэ
Дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зарим үүрэг даалгаврыг өгсөн. Тэрбээр “Өчигдөр миний бие мөн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл нар Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээ болон Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн бүх алба хаагчидтай уулзаж, санал солилцсон. Зарим үүрэг даалгаврыг өгсөн. Иргэдээ тохь тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчин нөхцөлийг тохижуулах ажлыг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгжтэйгээ хамтран хийнэ. Томоохон компанит ажлыг өрнүүлнэ. Тодруулбал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхээр хангахын тулд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд орчин нөхцөлөө сайжруулах, хаалга үүднээсээ эхлээд шат, ойр орчмын хашаа хайсаа будаж янзлах, зүлэгжүүлэх, мод тарих ажлыг хийнэ. цаашлаад хаалганы бариул, шатнаасаа эхлээд хашаа хайсаа будах зэргээр тохижуулах юм. Хот тохижилтын хэлтсийнхэн аж ахуй нэгжүүддээ өгөх удирдамжийг яаралтай гаргаж, танилцуул. Энэ ажилд манай аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн дүүргийн Газрын зохион байгуулалтын албаныхан Газар чөлөөлөх тухай захирамжийн төслөө яаралтай танилцуул. Нийслэлийн Засаг дарга өчигдөр нийслэлчүүддээ хандан цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хотын төлөө гэсэн уриалгыг гаргасан. Дүүргийнхээ цаашлаад нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангаж, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмж, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж, нөхцөлөөр хангахад бид бүгд онцгойлон анхаарч ажиллах ёстой. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам, талбайг хашаалж, хайс, хашлага, татсаныг чөлөөлж байгаа. Иймээс нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд та бүхэн иргэдийг хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцож, үүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд шуурхай, нээлттэй өгч ажиллаарай.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил эхлэх гэж байгаа тул иргэдээ дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах ажилд дүүргийн холбогдох албан тушаалтнууд анхаарч ажилла. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд үндсэндээ 7 хоногийн хугацаа үлдсэн байна. Сурталчилгаа эхлэхээр иргэдийн дархлаажуулалтад хамрагдах нь тодорхой хэмжээнд буурч мэдэх учраас иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө, цар тахлыг аюул эндэгдэлгүй даван туулахын тулд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.
Санал болгох