Өлзий-Оршихын Сумъяабаатар: Баянгол “Инновацийн дүүрэг” болж хөгжих боломжтой

566
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 дүгээр тойрог, Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 20, 24, 25 дугаар хороонд Монголын Ардын Намаас нэр дэвшигч Өлзий-Оршихын Сумъяабаатартай ярилцлаа.
УТААГ АРИЛГАСАН ШИГ ТҮГЖРЭЛИЙГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ
- Өнгөрсөн дөрвөн жил нийслэлчүүдийн хамгийн том ололт нь гамшгийн хэмжээнд хүрээд байсан утааг 50 хүртэл хувиар бууруулж чадлаа. Одоо автомашины түгжрэлээ бууруулах шийдлээ Та бүхэн яаж харж байна вэ?
- Яг одоогоор нийслэлчүүдийн өмнө тулгамдсан хамгийн том асуудал бол түгжрэл болоод байна. Тооцоо, судалгаагаа сайн хийгээд сэтгэл гаргавал утаагаа шийдсэн шиг түгжрэлийг шийдэх боломжтой. Бид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд нэлээд сайн сулагаа хийж, түүндээ тулгуурлан ирэх дөрвөн жилд авах авах хэмжээгээ төлөвлөсөн. Үүнд, сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх, хүнсний худалдаа эрхлэгчдийн борлуулалтын машинуудад цагийн зохицуулалт хийх, хотын такси тээврийг хөгжүүлэх, хатуу хучилттай авто замуудаа шинэчилж, өргөтгөх, хөдөлгөөний нягтрал ихтэй байршилд явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарцууд байгуулах, давхар зогсоолын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг цогцоор нь хийхээр тусгасан. Эдгээр цогц арга хэмжээний үр дүнд 2024 он гэхэд Улаанбаатар хотын замын түгжрэлийг 30 хувиар бууруулсан байх зорилт манай намын хөтөлбөрт туссан байгаа. Иргэд, хувийн хэвшил, төрийн захиргааны байгууллагууд хүчээ нэгтгэж чадвал илүү үр дүн ч гарч болно.
- Автомашины түгжрэлийн асуудал дан ганц нийслэлийн шийдэх асуудал биш гэж хараад байгаа?
- Таны хэлдэг үнэний ортой. Түгжрэлийг нийслэлийн хэмжээнд цогцоор нь авч үзэхийн хажуугаар тухайн дүүргийн онцлогт тохирсон шийдлийг олох нь чухал. Тухайлбал, Баянгол дүүрэгт Энхтайваны өргөн чөлөөний төв зам дагуу нүхэн болон гүүрэн гарц барина. Мөн Л.Энэбишийн өргөн чөлөөнөөс троллейбусны эцсийн буудал хүртэлх зам замын гол хэсгийг газар доорхи байгууламжийн системд шилжүүлснээр Баянгол дүүрэгт түгжрэл харьцангуй буурна гэсэн тооцоо, судалгаа бий. Энэ бүгд нийслэлийн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт туссан байгаа.
БАЯНГОЛЫНХОО ШИНЭ САНЛ, САНААЧИЛГА ОЛОН ГАРНА
- Нийслэл, дүүрэг тус бүрт тулгамдаж буй олон асуудал бэрхшээл байдаг. Гаднын улс орон эдгээр тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдаг бол?
- Өнөөдөр Улаанбаатар хотод тулгарч байгаа бэрхшээлийг гаднын том хотууд бүгд дайрч өнгөрсөн. Тухайн хотууд хороо, дүүргээсээ эхэлж асуудлаа шийдсэнээр аливаа хүндрэлийг даван туулсан байдаг. Америкийн хот, дүүргийн хөгжил судлаач Жой Побинер гэдэг хүн “инноваци”, “цэнхэр бүс”, “эко дүүрэг” гэсэн гурван стратегиар хот, дүүргийг хөгжүүлж байгааг судлаг тайлбарласан байдаг л даа. Тухайлбал “Эко дүүрэг” гэхэд л түгжрэл, тоосжилт, автомашинаас ялгарах утаа зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг асуудлуудыг шийдэх гарцыг стратегиа болгож хөгжинө гэсэн үг. Манай ази тивд Япон, Хятад зэрэг орнууд зарим хотоо “Эко дүүрэг” болгон хөгжүүлж байх жишээтэй. Мөн Америк, Европын зарим хотод нар, салхины эрчим хүч ашиглах, нийтийн тээвэр, дугуйгаар зорчих гэх мэтээр оршин суугчдынхаа амьдралын эрүүл хэв маягийг дэмждэг болж байна. Манай нийслэлд Хан-Уул дүүргийнхэн “Эко дүүрэг” болох зорилт тавьсан байгааг Та бүхэн сонссон байх. Мөн “Blue zone” буюу “Цэнхэр бүс” гэдэг нь хүн яавал эрүүл амьдрах вэ гэдэгт бүх төлөвлөлт, үйлчилгээг чиглүүлсэн хөгжил байдаг.
- Баянгол дүүрэг хөгжих боломжтой дүүрэг. Хөгжлийн бусдаас ялгарах онцлогийг Та хэрхэн харж байна?
- Манай дүүргийн хувьд “Инновацийн дүүрэг” болох бүрэн боломжтой гэж би хардаг. Баянгол дүүргийн хувьд төрийн байгууллагууд, улсын томоохон эмнэлгүүд, шинээр баригдсан барилга байшин ихтэй. Нийт өрхийн  80 хувь нь байшин хороололд амьдардаг. Айл өрхийн дийлэнхийг нь залуу гэр бүл эзэлдэг. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ  тоогоор нийслэлдээ тэргүүлдэг. Нийслэлийн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг шинжлэх ухаан, технологи, инновацийн төв болгох, инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх тодорхой зорилтууд тусгагдсан. Тухайлбал, шинэ технологи бүтээж, амжилттай нэвтрүүлсэн төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн судалгаа хөгжүүлэлтэд гаргасан зардлыг бүтэн болон тодорхой хувиар буцаан олгох, нэвтрүүлсэн хувийн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах механизм бий болгох, эдгээр салбарт олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламж, лабораторийн орчин нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгоно гэж тусгасан. Энэ зорилтыг хэрэгжүүлвэл инновацийн дүүрэг болох боломж манай Баянгол дүүрэгт байна.
- Олон улсад инновацид түшиглэн байгуулагдаж буй хот, суурин газрууд бий юу. Та энэ талаар судалж үзэв үү?
- Дэлхийн өнцөг булан бүрт инновацид түшиглэсэн хот, дүүрэг сүндэрлэж байна. Сүүлд л гэхэд хот төлөвлөлтийн мэргэжилтэн Сантек “Sidewalk Labs” компанитай хамтарч Торонто хотын эрэг дээрх 12 акр газарт инновацийг түшиглэн шинэ дүүрэг төлөвлөн ажиллаж байна. Инновацийг түшиглэсэн шинэ дүүрэг нь дэд бүтцийн засвар шинэчлэлийг гудамж талбайн хөдөлгөөн, иргэдэд саад учруулахгүйгээр хийх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог л доо. Инженерийн шугам сүлжээ, хог хаягдал боловсруулах систем, цахилгаан, интернэтийн шугамыг газар доорхи хонгилоор шийдэж байна. Манай Улаанбаатарт бол хавар, зун, намрын улиралд автозам, явган хүний замыг ухаж, сэндийчиж засвар хийдэг. Заримдаа энэ нь хоёр, гурван долоон хоногоор үргэлжилнэ. Мөн төв зам дагасан гэрлэн шонгууд дээр замбараагүй олон кабель ярайчихсан байдаг. Энэ бүгдийг цэгцэлье гэвэл газар доорхи хонгилын дэд бүтцийг үе шаттай хэрэгжүүлэх хэрэгтэй. Торонтогийн Quayside-д дугуйн зам, цахилгаан дугуйн зогсоол, цахилгаан тээврийн хэрэгслийн зогсоолыг бүх барилга, байгууламж, байгууллагуудаас таван минутаас багагүй зайд төлөвлөсөн байдаг. Энэ нь автозамын түгжрэл, иргэдийн аюулгүй байдалд инновацийг нэвтрүүлж байгаа шинэ шийдэл, гарц юм.
- Ингэж хөгжихөд, төлөвлөхөд анхаарах ёстой зүйл юу вэ?
- Инновацийн дүүрэг болж хөгжихөд төр, хувийн хэвшил, иргэд, оршин суугчдын хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй. Үндсэндээ, өнөөдөр манайд хэрэгжиж байгаа төрийн босоо удирдлагыг хэвтээ удирдлагатай болгож, төрийн шийдвэрийг аж ахуйн нэгж, оршин суугчидтайгаа хамтарч гаргавал ойлголцлын тал дээр ч, хөгжлийн тал дээр ч илүү үр дүнтэй байх болов уу гэж би хардаг.
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГААГИЙН ХУВЬД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
-Нэр дэвшсэн тойрогтоо багагүй судалгаа хийсэн байх. Иргэдийн амьдран буй орчинд ямар бэрхшээл байна вэ?
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 дүгээр тойрог, Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 20, 24, 25 дугаар хорооны хувьд дүүргийн хүн ам хамгийн ихээр төвлөрсөн хорооллуудтай хэсэг л дээ. 1, 2, 3, 4 дүгээр хороо гэхэд л өөрийн гэсэн соёл, онцлогтой. Бүр тодруулбал, төмөр замчдын өлгий нутаг. Харин “Нарны хороолол”, “Алтай” хотхон, “Голден парк”, “Эрин”, “Өнөр” зэрэг харьцангуй шинэ хорооллуудад автомашины орц, гарц, зам, талбай л хамгийн их бэрхшээлтэй асуудал болоод байна. Эдгээр хороололд дийлэнхдээ сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, өрхийн эмнэлэг барих газар олдохгүй байх жишээтэй. Тиймээс нийслэлийн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт Баянгол дүүрэгт өрхийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэггүй хороодод сургууль, цэцэрлэг шинээр барих, өргөтгөх заалт тусгагдсан. “Нарны хороолол” зургаан мянган хүн амтай атлаа өрхийн эмнэлэггүй, хорооны үйлчилгээ авахад алслагдмал. Мөн “Алтай” хотхон гэхэд л улсын сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг байхгүй. Автомашины гарц муутай. Тэр нь өглөө, оройдоо битүү түгжрэл болчихдог. “Алтай” хотхон дангаараа 24 хороо болсон. Харьцангуй шинэ эдгээр хоёр хорооллыг дүүргийн жишиг хороо болгох ёстой байсан гэж боддог. Тэгж байж төрийн үйлчилгээ ард иргэдэд цогц байдлаар хүрнэ. “Голден парк”, “My town”, “Happiness”, “Амартүвшин” хотхоноос бүрдсэн 25 дугаар хороонд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг байхгүй. 20 дугаар хороонд байдаг “Эрин”, “Өнөр” хороолол улсын сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэггүй. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт цэцэрлэгийн барилга, байгууламжийг шинээр барьж, өргөтгөн хүртээмжтэй болгож шийднэ гэж тусгасан.
- Нийслэлийн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр асуудлыг шийдэхэд чиглэсэн мөрийн хөтөлбөр болжээ?
- Иргэдийн өөрсдийнх нь оролцоотой бүтсэн мөрийн хөтөлбөр л дөө. Жишээ нь, орон сууцны ашиглалтын хугацаа дууссан, эвдэрсэн хуучин цахилгаан шатуудыг бүрэн шинэчилж, хуучны тоосгон гражуудыг буулгаж давхар дулаан зогсоол барих, алслагдсан гэр хорооллыг цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, зургаан хороонд шинээр цэвэр усны худаг барих гэх мэт зорилтуудыг мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Энд бас нэг зүйлийг онцолмоор байна. Би өөрөө боловсролын салбарт ажилладаг хүн. Энэ үүднээс эхний ээлжинд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
НОГООН ХОТ БИЙ БОЛОХОД ИРГЭДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ
-Ирэх дөрвөн жилд “Ногоон хот” болох зорилт Таны нэр дэвшиж байгаа тойрогт  биелэх боломж байгаа болов уу?
-Биелэх бүрэн бий. Манайхны шагшин магтдаг Сингапур “Ногоон хот” болсон жишээг уншиж байхад Ерөнхий сайд нь 30 гаруй жил мод тарих өдрийг нэг ч удаа таслалгүй, чин сэтгэлээсээ манлайлаад тарьдаг байсан. Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээг нь олгохдоо мод тарих газар зааж өгдөг. Тэнд гэр бүлээрээ очоод мод тарьж, усалж ургуулдаг сайхан жишээ, жишиг бий. Ер нь хотоо ногоон болгоход хувь хүний манлайлал, иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Бас мэргэжлийн хүмүүсийнхээ хүчийг ашиглах цаг болсон. Өмнө нь нийслэлд цэцэрлэгжүүлэлт хариуцсан хүмүүс байсан. Сүүлийн хэдэн жил мод, бут тарих болон цэцэрлэгжүүлэлтийг мэргэжлийн бус хүмүүс хийдэг болсноор ургалтын үр дүнд сөргөөр нөлөөлөөд байна уу даа гэж боддог. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтраад мэргэжлийн хүмүүст энэ ажлыг хариуцуулах бодлогыг бид баримтлах ёстой. Дурын барилгын компани ч юм уу, хүссэн төрийн байгууллага энэ ажлыг хийж чадахгүй л дээ. Нийслэлийн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хоёр дахин нэмэгдүүлж, дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилт тавьсан байгаа. Манай Баянгол дүүрэгт л гэхэд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-г ирэх дөрвөн жилд барьж байгуулна.
- Ногоон хот”-оос гадна хөгжингүй орнуудад “Эко дүүрэг” гэдэг ойлголт дэлгэрээд удлаа. Манайд үүнийг нэвтрүүлэх боломж бий юу?
- Үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улс орнуудын өнөөдрийн чиг хандлага нь “Эко дүүрэг” олноор байгуулах болж байна. Жишээ нь, Япон, БНХАУ болон европын улс орнуудад “Эко дүүрэг” маш их байдаг. “Эко дүүрэг”-үүд нь иргэдийн амьдрах орчинг сайжруулахын тулд дараах зарчмуудыг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, тээврийн хэрэгслийн хэрэгслийг бууруулж явган алхах, унадаг дугуйн замаар зорчих иргэдэд тав тухтай орчинг бий болгодог. Хоёрдугаарт, борооны усыг хураан авах зорилгоор усаа хэмнэж, нар, турбин эсвэл бусад байгалийн эх үүсвэрийг ашиглаж сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэн авч байна. Гуравдугаарт, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй барилгын материал ашиглахаас зайлсхийж, архитектур нь шинэлэг, нөхцөл байдлыг мэдрэмжтэй байх ёстой. Үндсэндээ хүнийг стрессгүй, тайван амьдруулна гэсэн зорилтыг агуулж хороо, дүүрэг, хотын төлөвлөлтөө хийдэг байх жишээтэй.
ТОГТВОРТОЙ ЗАСАГ, ХҮЧТЭЙ ЦУЛ БАГ НИЙСЛЭЛ, УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛНЭ
- Танай намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нилээд хэдэн чухал заалт тусгагдсан байна. Гэвч энэ заалтууд бодит амьдралд хэрэгжих нөхцөл, боломж бий юу?
- Нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг олон эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулсан. Мэдээж өөрсдөө амьдрал дээр тулгарч байгаа асуудлуудыг шинжилж, иргэдийнхээ санаа, бодлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. “Шинэ зуунд Улаанбаатар хотоо шинжлэх ухааны тооцоо, судалгаан дээр тулгуурлан хөгжүүлэх ёстой” гэж УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын хэлсэн үгтэй санал нэг байлаа. Том агуулгаараа өнгөрсөн хавар УИХ-аар баталсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичиг, 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлоготой уялдуулан нийслэл, дүүргийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Иймээс хэрэгжих боломжтой, тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөр. Засгийн газрын бодлого шийдвэрийг нийслэл, дүүрэг, хороонд хэрэгжүүлье гэвэл шатны шатны төлөөлөл нь нэг нам байвал илүү үр дүнтэй.
- Дээр хэлсэнчлэн Та шат шатны төлөөлөл нэг нам байвал илүү үр дүн гардаг гэдэгтэй санал нэг байна. Өнгөрсөн дөрвөн жилийн Баянгол дүүрэг бол бодит жишээ гэж би үздэг?
- Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд Монгол Ардын Нам засаг барьж байхад манай Баянгол дүүрэгт АН засагласан. Бодлого өөр, баг болж ажиллах боломжгүй үед дүүргийн ажил, амьдрал яаж явагддагийг би болон бусад төлөөлөгчид, иргэд маань ойлгохын дээдээр ойлгосон. Баянгол дүүргийн цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байсны хувьд дүүрэгт засаг барьж байгаа АН-ынхан асуудлыг ямар их улстөржүүлж, иргэдээ аль намын хүнийг сонгосноор нь ялгаварлаж гадуурхдагийг биеэрээ мэдэрсэн. Тогтвортой засаг, хүчтэй нэг баг л  улс орныг хөгжүүлж чадна. Улмаар дээд, дунд, анхан шатандаа хариуцлага хүлээх тодорхой эзэнтэй байх нь чухал гэдгийг ойлгож байгаа.
МЭРГЭЖИЛ МААНЬ НИЙГМЭЭ ҮНЭЛЖ ЦЭГНЭХИЙГ СУРГАСАН
-  Хүн бүрийн хувьд ажлын анхны гараа чухал байдаг. Та ажлынхаа гарааг Шинжлэх ухааны академиас эхэлжээ. Өөрийнхөө талаар товч танилцуулаач?
-Би улс төр судлаач мэргэжилтэй. Төрийн  удирдлага, бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжил маань надад нийгмээ дүгнэж, цэгнэх,  нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцохыг  сургасан. 2001 онд сургуулиа дөнгөж төгсөөд Шинжлэх ухааны академийн Философи социологи эрхийн хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлсэн. Монголын томоохон улс төр, нийгэм судлаачид, нам судлаач гээд олон мундаг хүнтэй ажиллаж, их зүйл сурсан. Тэндээсээ Монгол Ардын Намын судалгааны “Прогноз” төвд ажиллаж,  Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр боловсруулах, иргэдтэй уулзах, санал бодлыг нь сонсох гээд социологчийн ажил хийдэг байсан. Ингэж ажил амьдралын эхний жилүүддээ судалгааны ажил хийсэн маань аливаа асуудалд судалгаа, тооцоотой хандахыг сургасан байх. Тийм болохоор ч тэр үү, намын хамт олноос судалж хийх шаардлагатай ажлуудыг надад даалгаад байдаг. Сая л гэхэд дүүргийн Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг би ахалж ажиллан, боловсруулсан. Ялангуяа улс төрийн шийдвэр гаргахдаа судалгаанд үндэслэх хэрэгтэй. Тэгэхгүй, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандвал популизм болоод явчихдаг муу талтай.
- Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа. Ярилцлагаа Таны үгээр өндөрлөе!
- Баярлалаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн онцлог гэвэл нийслэл, дүүргийн сонгууль хамт явагдаж байна. Иргэд, сонгогчид маань нийслэл, дүүргийн төлөөлөгчөө хамтад нь сонгоно гэсэн үг. Надтай хамт НИТХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог, Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 20, 24, 25 дугаар хороонд манай дүүргийн НАМЗХ-ны дарга Д.Ихбаяр маань нэр дэвшиж байна. Мөн дээрх 8 дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг маань дэмжиж, хороо, дүүрэг, нийслэлийнхээ хөгжилд хүч нэмнэ гэдэгт итгэж байна.
Ярилцсан. Т.Бүдээхүү
N24.mnскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn