Арван мянган жилийн өмнө занданшуулсан шарилыг олжээ

13

САППОРО, 2026 оны гуравдугаар сарын 2 /Kyodo/.
 Хятадын өмнөд нутаг болон Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрээс олдсон занданшуулсан шарилуудыг галд зориуд утаж хатаасан байжээ.

Эдгээр шарилын зарим нь 10 мянга гаруй жилийн өмнөх үед хамаарах бөгөөд дэлхийн хамгийн эртнийх гэгддэг соёл иргэншлүүдэд занданшуулах уламжлал бий болохоос өмнө занданшуулсан болохыг саяхны нэгэн судалгаагаар тогтоосон байна.

Судлаачид Шинэ чулуун зэвсгийн үеэс өмнөх үед хамаарах 54 шарилыг шинжилжээ. Эдгээр шарил нь Хятад, Вьетнам, Индонез дахь 11 өөр газраас олдсон бөгөөд 3600-гаас 11 мянган жилийн настай болохыг тогтоосон нь олдворуудын зарим нь 7000 орчим жилийн өмнөх Чилийн хойд хэсгийн Чинчорро соёл, эртний Египетийн занданшуулах уламжлалаас өмнөх үед хамаарч байгааг харуулж байна. Эрдэмтэд рентген туяаны дифракц, Фурье хувиргалттай хэт улаан туяаны спектроскоп зэрэг технологуудыг судалгаандаа ашигласан байна. Ингэснээр дээрх шарилуудын 80 хувийг бага хэмээр урт хугацаанд хатааж занданшуулсан болохыг тогтоожээ. 

Индонезын зүүн нутгийн Папуа мужийн уугуул иргэдийн дунд үүнтэй төстэй оршуулах зан үйлийг саяхныг хүртэл буюу 50 орчим жилийн өмнө үйлдэж байв. Тодруулбал, гэр бүлийн гишүүн нь нас барахад цогцсыг нь суугаа байдлаар нэгээс хоёр сарын турш гал дээр утаж хатаадаг байжээ.

Саппорогийн Анагаах ухааны их сургуулийн хүндэт профессор, уг судалгааны удирдагч Хирофуми Мацумурагийн ярьснаар, Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хийсэн малтлагаар галд утаж хатаасан, атийж суусан байдалтай араг яснууд олдсон байна. Саяхныг хүртэл Папуад хэрэглэгдэж байсан оршуулгын энэхүү арга нь Ази тивд дор хаяж 10 мянган жилийн турш байсан гэдгийг профессор онцоллоо. Түүнчлэн гавлын яснууд нь Папуагийн уугуул иргэдтэй ижил хөмсөгний яс товгор байжээ. Энэ нь Африкаас нүүдэллэн ирсэн анчдын омог бүлгүүд тус тивийн өргөн уудам нутагт тархан суурьшиж байсныг илтгэж байна.

Мөн Солонгосын хойгт "эвхрээд суусан" байдалтай шарилууд олдсон бол Вьетнамаас 14 мянга орчим жилийн өмнөх үед хамаарах хүний эгэмний ясны шатсан хэсэг олдсон болохыг судалгааны тайланд дурджээ.
 
Цогцсыг утаж хадгалах арга нь тус бүс нутгийн өндөр чийгшилтэй цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Ази даяар түгэн дэлгэрсэн байх магадлалтайг профессор Х.Мацумура тайлбарлалаа. "Чулуун зэвсэг хэрэглэж байсан эртний үед талийгаачийн хойноос удаан хугацаанд гашууддаг оршуулгын зан үйл түгэн дэлгэрчээ. Энэхүү оюун санааны уламжлал нь бидний төсөөлж байснаас ч илүү өргөн хүрээнд тархсан байсан" хэмээн тэрбээр ярив. Энэхүү судалгааг Австралийн Үндэсний их сургуулийн эрдэмтэн Сяо-чунь Хун, Бээжингийн их сургууль болон бусад их сургуулийн 22 судлаач хамтран хийжээ. Энэхүү нээлтийг "Archaeology" сэтгүүлийн "2025 оны шилдэг 10 нээлт"-ийн нэг хэмээн зарласан байна. 


Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn