Сайжруулсан түлш нөөцлөлтийн явцыг шалгалаа

503


Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон болон холбогдох албаныхан өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд орчны агаарын чанарын хэмжилт болон сайжруулсан түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгалаа.
Агаарт дэгдсэн тоосонцорын хэмжилтийг хийж байна
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орчны агаарын чанарын хэмжилт хийн хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах бетон зуурмагийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд агаарын чанарын хяналт, хэмжилт хийж байгааг шалгасан юм. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр агаарт ихээхэн хэмжээний тоосонцор бий болдог. Хэмжилт хийснээр агаар дахь тоосонцорыг тодорхойлж, стандартаас давсан тохиолдолд бууруулах арга хэмжээ авч ажилладаг. Хэмжилтийн үр дүнгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар аж ахуйн нэгж байгууллагуудад хуулиар хүлээсэн арга хэмжээ авч ажилладаг.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Хөрсний болон агаарын бохирдлыг цогцоор нь бууруулахын тулд экологийн хуудсыг бий болгож, газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд хариуцлагаа давхар ухамсарлах ёстойг сануулах ажлыг зохион байгуулж байна” гэлээ.  
Дараа нь агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдсан Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал энэ сарын 9-ний өдөр тус хороонд ажиллахдаа тодорхой үүрэг чиглэл өгсөн байдаг. Энэ дагуу өнөөдөр үүрэг чиглэлийн биелэлтийг шалгасан юм. Хорооны Засаг даргын хэлж байгаагаар 1377 айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлээд байгаа аж. Тус хороонд нийт 87 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 17 аж ахуйн нэгж нь цахилгаанаар халдаг бөгөөд бусад байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн нийт найман хэсэгт сайжруулсан түлш борлуулах цэгийг байгуулжээ.
40 орчим мянган тонн сайжруулсан түлшийг нөөцөлжээ
Сайжруулсан түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Гилл агуулахад ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 200 мянган тонн сайжруулсан түлшийг 5-9 дүгээр саруудад нөөцлөх, агуулахын нөхцөл байдлын судалгааг хийх үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй агуулахад нийт 40 орчим мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна.
 
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Энэ зун бороо хур ихтэй байгаа учир сайжруулсан түлшний нөөцлөлтийг битүү агуулахад хийж байна. Дүүрэг бүрт 60 мянган тонн түлшийг нөөцлөх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд ажлын хэсэг байгууллагдаад ажиллаж байна. Ирэх сард 100 орчим мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх шаардлагатай байгаа” хэмээлээ.  
“Наймдугаар сарын 1-нээс эхлэн дүүрэг бүрд “Түлшээ нөөцлөе” аяныг өрнүүлж ажиллана. Ингэхдээ иргэд одоогийн байдлаар ажиллаж буй 93 түлш борлуулах цэгээс нэг тонн түлш нөөцлөх боломжтой болох юм. Харин зорилтот бүлгийн иргэдэд 100-150 мянган төгрөгийн нэг тонн сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгох ажлыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулна. Судалгаагаар 1660 гаруй айл өрхүүдэд сайжруулсан түлш олгоно” гэдгийг Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал онцлон хэлж байсан юм.        
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn