В.Путин яагаад эдийн засагчийг батлан хамгаалахын сайдаар сонгов?

126


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгуг Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилж, түүний оронд шадар сайдын албан тушаалыг хашиж байсан Андрей Белоусовын нэрийг санал болгов. Путины энэхүү шийдвэр шуугиан дэгдээгээд байна.

В.Путин яагаад эдийн засагч хүнийг энэхүү албан тушаалд томилов?
В.Путин Андрей Белоусовыг засгийн газар, ерөнхийлөгчийн тамгын газар, эдийн засгийн асуудал хариуцсан туслахаар ажиллаж байхыг нь мэддэг. Түүнийг “гавал стратегич” хэмээн нэрлэдэг. 
Белоусовыг шинийг эрэлхийлэгч, шинийг соргогоор хүлээн авагч хэмээн мөн тодорхойлдог. Энэ чанар нь өнөө цагт гүйцэтгэх засаглалд  хамгийн хэрэгцээтэй байгаа.
Үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын үгнээс мөн мэдэж болно. Тэрбээр батлан хамгаалах яам инновац болон бүтээлч санал, санаачилгад нээлттэй байх ёстой хэмээн мэдэгдэж байлаа. Түүний үгнээс ОХУ-ын батлан хамгаалах яам бүтээлч санал, санаачилга, ялангуяа, байлдааны дрон, сөрөг талын дроныг эсэргүүцэх систем үйлдвэрлэлтэй холбоотой санаачилгад үүдээ тэр бүр нээгээгүй гэсэн далд санаа уншигдахаар байв.
Үүний зэрэгцээ эдийн засагч Белоусов аж үйлдвэрлэл, тэр дундаа цэргийн аж үйлдвэрлэлийн салбарын талаар сайн мэдлэгтэй. Тиймээс батлан хамгаалах яам, цэргийн аж үйлдвэрийн комплексын хооронд бат бөх гүүр болж чадна гэсэн найдвар тавьж байна.
Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр улсын мөнгийг сайн тоолж чаддаг. Тэрбээр улсын төсвийг боловсруулахад сүүлийн жилүүдэд биечлэн оролцсон. Харин батлан хамгаалах яамны зардал асар ихээр төсөвлөгдөж байгаа. 2026 онд Оросын армийн бие бүрэлдэхүүн 1.5 саяд хүрэх ёстой. Энэ хүрээнд шинэ анги, нэгтгэлийг бүрдүүлж, гэрээт алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, шинэ зэвсэг, техник худалдан авах ёстой. Энэ бүх зардлыг эдийн засаг, төсвийн бодлогыг гүнзгий мэддэг хүний хатуу хяналт дор зарцуулах учиртай. Өөрөөр хэлбэл Кремлийн итгэлтэй хүн. ХаринАндрей Белоусов В.Путины хамгийн итгэлтэй хүнийг нэгт тооцогддог.
Яагаад мэргэжлийн бус харин энгийн албан тушаалтан гэж?
Зэвсэгт хүчний толгойд мөрдөстэй хүн байх ёстой гэсэн үзэл нийгэмд давамгайлсаар ирсэн. Харин Оросын төдийгүй дэлхийн практик үүнийг эсрэгээр нотолдог. Өдгөө дэлхийн маш олон орны армийг энгийн албан тушаалтан, тэр дундаа эмэгтэйчүүд тэргүүлж байгаа. Үүргээ ч амжилттай гүйцэтгэсээр байгаа. Энд мөрөн дээрх мөрдөс бус ухаантай толгой чухал аж.
Мөн батлан хамгаалахын сайдын албан тушаал нь цэргийн гэхээсээ илүү улс төр, захиргааны албан тушаал. Эрх баригчид болон цэргийн аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой ажиллах, армидаа мөнгө төсөвлүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэх, хувцас болон хүнсээр хангах нь батлан хамгаалахын сайдын ажил үүргийнх нь багахан хэсэг. Цэргийн удирдлагаар хангах, стратеги, тактикийн боловсруулах, ажиллагаа, сургуулилтын төлөвлөгөөг зэвсэгт хүчний ерөнхий штаб хариуцдаг. Үүнийг харин мэргэжлийн “дайчин” удирдах ёстой.
Андрей Белоусов гэж хэн бэ?
Андрей Белоусов нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд цэрэг, армитай холбоогүй.
Төрийн албанд карьерынхаа ихэнх хугацааг зориулсан Белоусов эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн хатуу зохицуулалтын төлөө дуугардаг хүн. Түүнийг улсын эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьдаг “төрийн хар хүн” гэлцдэг байна.
2020 онд засгийн газарт томилоход шинжээчид 2018 онд В.Путины сонгуулийн амлалт болсон үндэсний томоохон төслүүдийг хариуцна гэж тайлбарлаж байлаа. Тухайн үед төслүүдийн хэрэгжилтийн явц тааруу байсан. Харин өдгөө үндэсний төслүүд тэргүүн зэргийн ач холбогдолтой биш болжээ.
Харин энэ удаагийн түүний томилгоог Дмитрий Песков тодорхой тайлбарласан. Батлан хамгаалах яамны төсөв ДНБ-ий 6.7 хувь хүртэл өсөөд байгаа. Энэ хувь хэмжээ цаашид ч өснө.
Украинд дайн эхэлснээс хойш Оросын эрх баригчид эдийн засагтаа мөнгө цутгаж байгаа. Үүний үр дүнд эдийн засаг нь эрчимтэй өсөж буй. Гэвч үүнтэй зэрэгцэн батлан хамгаалах салбарын зардал огцом нэмэгдэж байна.
Энэ их мөнгөний урсгалыг улсынхаа эрх ашгийг дээгүүрт тавьдаг, В.Путины ойрын, нэр хүнд бүхий хүн хариуцаж байна. Авлига, албан тушаалын хэрэгт ил тод холбогдож байгаагүй.
Тиймээс эдийн засгаа цэргийн замд гаргах тохиромжтой нэр дэвшигч гэж Оросын эрх баригчид харж байна.
Андрей Рэмович Белоусов нь 1959 онд Москва хотод төржээ. Тэрбээр 1981 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийг эдийн засаг мэргэжлээр төгсжээ. Эдийн засгийн ухааны доктор.
Тэрбээр эдийн засгийн хөгжил, худалдааны дэд сайд, эдийн засгийн хөгжлийн сайд, ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах, шадар сайдын албан тушаалыг тус тус хашиж байв.

Белоусовын эшлэлүүд
-2030 он гэхэд Орос улс дэлхийн дөрвөн тэргүүлэх эдийн засгийн нэг болох ёстой.
-ОХУ нь бие даасан, хараат бус байдал, үндэснийхээ зорилго, эрх ашгийг хэрэгжүүлэх, үндэснийхээ эрх ашигт нийцсэн бодлого хэрэгжүүлэх чадвараа хадгалж үлдсэн улсын нэг.
-Орос улс 2007-2008 онд эдийн засгийн байр сууриа сэргээсэн. Ингэснээр Орос улс өөрийн бие даасан, хараат бус байдлаа тунхаглах боломжтой болсон. 2007-2008 оноос эхлэн Орос дэлхий дахинд үндэснийхээ эрх ашгийнхаа талаар хүчтэй байр сууриа илэрхийлж эхэлсэн. 2007 оны хоёрдугаар сард Мюнхен хотноо Владимир Путин анх удаа нэг туйлт ертөнц бол хоосон мөрөөдөл бөгөөд өнгөрсөн үед хоцорч байна гэж мэдэгдэж, үндэсний эрх ашгийн талаар байр сууриа илэрхийлсэн. 2008 оноос 2021 оны хооронд гадаад ертөнцөд өөрийн тусгаар байдлаа тунхагласан Оросын мэдэгдлийн хариуд өрнөд давшилж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн дотоодын асуудлуудаа шийдэх ёстой болсон. Өрнөдийн дарамт шахалттай холбоотой эдийн засгаа өөрчлөн байгуулах, инфляцын түвшинг нэг орон тоонд барих зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлага гарч ирсэн. Бид дотоодын эрэлтэд суурилсан загварт аажмаар шилжих ёстой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn