“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал

164

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бол нэгийг нь том гэж долигоносон, нөгөөг нь жижиг хэмээн доромжилсон хэрэг биш юм. Харин тухайн намын үйл ажиллагааны цар хүрээ, оршин тогтносон цаг хугацаатай холбоотой “нэршил” гэж ойлгогддог.
Тэгвэл өнгөрсөн баасан гаригт нэр бүхий долоон жижиг нам СЕХ-нд нэгэн шаардлага хүргүүлжээ. Уг нь саналын агуулгатай аж.
Юу гэвэл, “...СЕХ саналын хуудас дээр анхаарах зүйл байна” гэсэн. Нэгдүгээрт, “...Саналын хуудас нь хоёр тусдаа байх ёстой”, хоёрдугаарт “...Саналын хуудас дээр намын лого, тухайн намын даргын нэр зэрэг мэдээллүүдийг тавья” гэжээ.
Өөрөөр хэлбэл “...78 тойргоос нэр дэвшигч нар нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүс нь өөр хуудас дээр тусдаа 48 нэр бүхий жагсаалт байх хэрэгтэй байна”, “...Сонгуулийн саналын хуудас дээр нэр бүхий намын нэрсийг Дээд шүүхийн дарааллаар дугаарлачихдаг. Сонгуульд 30 орчим улс төрийн нам болон эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлсэн. Сонгуулийн тойрог томорчихсон болохоор нэг тойргоос 10 хүртэл нэрс дугуйлах 10 мандаттай маш урт жагсаалт гарч ирнэ. Энэ урт жагсаалт дотор иргэд төөрөх, будилах, үл ойлголцол үүсэх асуудал тулгарч мэднэ. Ийм болохоор иргэдэд энгийн, ойлгомжтой мэдээлэл өгөх зорилгоор тодорхой болгоё” гэж байгаа юм байна.
Үнэхээр ч жижиг намуудын энэ саналыг зөвхөн өөрсдийнх нь айдас болгоомжлол гэхээсээ олон намын дунд сонгогчид төөрөлдөх магадлал байгаа нь үнэн юм.
Өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 нам байна. Тэдний дийлэнх нь энэ удаагийн сонгуульд дангаараа болоод эвсэж оролцоно. Гол нь тэдний дунд ижил төстэй нэртэй нам олон бий. Тухайлбал, Монголын ногоон нам, Иргэний зориг ногоон нам байна. Бас Монголын либерал ардчилсан нам, Монголын либерал нам гэж байдаг. Энэ мэтчилэн нэг, хоёр “үг”-ийн ялгаатай нэршилтэй намууд нэлээд хэд бий. Ерөөсөө л 1992 оноос хойш олон намын тогтолцоотой болсноос хойш улс төрийн намын тоо ингэж олширсон. Заримыг нь өрсөлдөгчдөө сарниулах гэж захиалгаар үүсгэн байгуулсан ч гэдэг. Тэр утгаараа, сонгогчдын толгойг эргүүлж, төөрөгдүүлэх магадлал өндөр, тэр хэрээрээ “жижиг”-үүдийн санал сонгогчдын хувьд жижиг асуудал биш болоод байгаа хэрэг. Гэхдээ үүнийг СЕХ л бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.
 
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn