ХЯТАДУУТЫГ ОРОГНУУЛЖ, ХУУЛЬ БУСААР МӨРИЙТЭЙ ТОГЛУУЛЖ БАЙСАН “УЛААН ЦАВ” ЗОЧИД БУУДАЛ “НҮҮРСЧИД”-ИЙНХ БАЙЖЭЭ

190

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт буюу энэ сарын 23-ны шөнө 23:30 цагийн орчимд Баянгол дүүргийн V хороо, Улсын III эмнэлгийн зүүн талд байрлах “Улаан цав” зочид буудалд БНХАУ-ын 21 иргэн хууль бусаар, их хэмжээний бэлэн мөнгөөр мөрийтэй тоглож байгаад Эрүүгийн цагдаагийнханд баривчлагдсан. Энэ баривчилгаа эхэлснээс ердөө цаг гаруйнхны дараа буюу 23-24-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзварт “Дашваанжил” ХХК-ийн 60 тоннын цистерн дэлбэрсэн. Нэгэнт нийгмийн бүх анхаарал газын дэлбэрэлтэд чиглэсэн учраас 21 хятадын мөрийтэй тоглоомын хэргийг хэн ч тогоогүй өнгөрсөн гэхэд болно.  
     Тэгвэл хятадуудыг орогнуулж, хууль бусаар мөрийтэй тоглуулж байсан “Улаан цав” зочид буудлыг судалж үзлээ. “Улаан цав” зочид буудлын зургаан давхар барилга болон 459м2 газрыг 2021 оноос БНХАУ-ын иргэн Фэн Тинг гэгчийн “Мэн тай бэй юэн” ХХК эзэмшдэг болжээ. Ингээд 2022 оноос “Улаан цав” зочид буудал, ресторан нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.  
Фэн Тинг гэгч нь “Мэн тай бэй юэн” ХХК-аа 2009 онд байгуулсан, улмаар нүүрсний хайгуулын хэд хэдэн лиценз авч байжээ. Ингээд Фэн Тинг 2011 онд “Мэн тай бэй юэн” ХХК-аараа Гомбын Өлзийдоо гэгчтэй хамтран “Дорнын нүүрс” ХХК-ийг эзэмшдэг болжээ. Улмаар “Дорнын нүүрс” ХХК-аараа 2011 оноос хойш Хэнтий аймгийн Баянхутаг сумын Улаан-Өндөр багт байрлах MV-0048872 дугаартай Хавтайн нүүрсний уурхайг ажиллуулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 2011 оноос хойш 10 жил Хэнтийн Хавтгайн нүүрсний уурхайг ажиллуулж, олсон мөнгөөрөө 2021 онд Улаанбаатарт “Улаан цав” зочид буудлын барилгыг худалдан авсан гэж харагдаж байгаа юм.  
Тайлбар: "Улаан цав" зочид буудлын барилгын эзэн Фэн Тингтэй "Дорнын нүүрс" ХХК-ийг хамтран эзэмшигч Г.Өлзийдоо, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар

Тэгвэл Фэн Тинг гэгчтэй “Дорнын нүүрс” ХХК-ийг хамтран эзэмшдэг, нүүрсний бизнесийнх нь алтан хамтрагч Гомбын Өлзийдоо гэгчийг судалж үзлээ. Хамгийн ноцтой нь, Г.Өлзийдоо гэгчтэй хамтарсан компанитай буюу нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийг нь шүүж үзэхэд манай төрийн болон бизнесийн бүхий л томчуудтай, тэр тусмаа Хэнтийнхэнтэй холбогдох ажээ. Бид Г.Өлзийдоо гэгчийг “мөшгөсний” учир нь, хятад эзэнтэй зургаахан давхар зочид буудалтай монголын бүхий л томчууд халаасаараа холбогдож байгааг харуулахыг зорилоо. Хэн нэгэн хятад бизнесмен монголд асуудалд орлоо гэхэд хэдэн хүний утас зэрэг дуугарахыг энэ схемээс харж болно. 

     Эхлээд Г.Өлзийдоо гэгчийг товч танилцуулъя. Тэрбээр Хэнтий аймгийн уугуул бөгөөд 1997 онд бизнест хөл тавьжээ. Бизнест орсон түүх нь тун сонирхолтой. УИХ-ын дарга Г.Занданшатарын аав Л.Гомбожав Хэнтий аймгийн Чандган сангийн аж ахуйн даргаар 1980 оноос хойш ажилласан. Улмаар Чандган сангийн аж ахуй 1992 онд “Чандган” ХК болсон. Ингэхдээ захирлаар нь мөн л Д.Гомбожавыг томилж ажиллуулсан байдаг. Тэгвэл 1997 онд “Чандган” ХК-ийн 49 хувийг Г.Өлзийдоо авч бизнест орсон. Харин 2005 онд “Чандган” ХК-ийг орон нутгийн өмчид шилжүүлсэн түүхтэй аж. Тэр цагаас хойш Г.Өлзийдоо “Дорнод монгол групп” ХХК, “Их монгол говь транс” ХХК, “Монголын үндэсний төвийн төмөр зам” ХХК, “Бор-Өндөр ложистик” ХХК тэргүүтэй 10 гаруй компани байгуулж, нүүрсний уурхай, нүүрсний авто замын болон төмөр замын тээврийн бизнес хийж иржээ.   
1. Г.Өлзийдоо” Балхүүгийн Ганзоригтой 2009 оноос хойш “ГТЗ” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Б.Ганзориг нь Дорнодын зүүн хил шугамнаас километр гаруйхны зайд, Нөмрөгийн дархан газарт төмрийн хүдрийн уурхай ажиллуулдаг, Хөгжлийн банкны 18 тэрбум төгрөгийн найдваргүй зээлдэгч “Зэст-Өндөр” ХХК-ийг эзэмшдэг нэгэн. Цаашилбал, Б.Ганзориг  ЭМ-ийн сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайханы ах Т.Мөнхбаттай “ТНГРИ трейдинг” ХХК-ийг хамтран эзэмшдэг.   
2. Г.Өлзийдоо 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Т.Энхболдсодонгийн “Чоно холдинг” ХХК-тай хамтарч “Дорнын нүүрс ложистик” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Харин гүйцэтгэх захирлаар нь Т.Энхболдсодонгийн хүү Э.Агарыг томилсон байгаа юм. Тэгвэл Төв талбайн урд талын “Blue sky” барилгын эзэн Т.Энхболдсодон нь монголын улс төр, бизнесийн бүхий л томчуудтай шууд холбогддог схемтэй нэгэн. Тухайлбал, Т.Энхболдсодон нь 2004 оноос хойш “Мишээл групп” ХХК, “Мишээл экспо” ХХК-уудыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай хамтран эзэмшиж буй. Илүү ноцтой нь, Т.Энхболдсодон нь Сингапурын иргэн Billy Lim Sin Pau гэгчтэй “Мишээл мега молл” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Т.Энхболдсодон, Billy Lim Sin Pau, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Голомт” банкны эзэн Д.Баясгалан нар ”Баян-Исгрийт” ХХК-ийг хамтран эзэмшдэг. 
Цаашилбал, Billy Lim Sin Pau нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, түүний эгч Х.Цэнд-Аюуш, дүү Х.Баттуул нартай “Баянгол” зочид буудлын хамтран эзэмшдэг. Х.Баттулгын Чингис хааны морьт хөшөөний “Цонжин болдог” цогцолборын хөрөнгө оруулагч нь ч Billy Lim Sin Pau гэдэг. Дээрээс нь, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эзэмшдэг “Капитрон” банкны үүсгэн байгуулагч нь Billy Lim Sin Pau гэгч.  
3. Г.Өлзийдоо Чулууны Энхсайхан, Төмөрбаатарын Нямдаваа нартай “Си Ай Би Транс” ХХК-ийг 2009 оноос хойш хамтран эзэмшиж буй. Т.Нямдаваа нь “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г НИТХ-тай 51:49 хувиар хамтран эзэмшдэг, эзэн нь. Тиймдээ ч ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнтэй хуйвалдаж, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн газрыг “Хурд”-ын барилгуудаар дүүргэж байгаа нэгэн. Т.Нямдавааг цааш хөөвөл, 2017 онд Ишбадамын Сүхбаттай “Түмэн айл инвест” ХХК-ийг хамтран байгуулж, Дорноговь аймгийн Мандах суманд нүүрс ухаж байсан. Гэвч уурхайг нь эсэргүүцсэн нутгийн малчдыг зодож, улмаар Дорноговь аймгийн удирдлагууд аргагүйн эрхэнд тус уурхайг зогсоож байлаа. Илүү ноцтой нь, И.Сүхбат нь АМГТГ-ын дарга асан, одоогийн “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн төрсөн дүү Х.Чингэстэй “Алтай-Эксплорэйшн” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Ингээд болоогүй, Г.Өлзийдоо, Т.Нямдаваа хоёрын хамтрагч Чулууны Энхсайхан гэгчийн “И Ай Эй И Эс” ХХК нь Х.Хэрлэнгийн хүү Х.Тэнгисийн “УБ каса капитал” ХХК-тай нэг хаяг дээр бүртгэлтэй байдаг. Г.Өлзийдоо Хэнтийнх, Х.Хэрлэн ч Хэнтийнх, Т.Нямдаваагийн ах дүү нар ч Хэнтийн Норовлинд тариа тарьцгаадаг. Тэгэхээр Хэнтийнх гэдэг угшлаараа тэд ингэж холбогдох нь арга ч үгүй биз. Х.Хэрлэнгээс цааш хөөвөл хаашаа чиглэхийг нь дурдах илүүц биз.  
4. Т.Нямдаваад өөр нэг ноцтой сүлжээ бий. Т.Нямдаваа нь “Монгол, Хятад, Оросын Соёл, Эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих холбоо”-г “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх, “Шинэ яармаг” хорооллоор танигдсан Ц.Ууганбаяр, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр, АМГТГ-ын дарга асан Г.Өлзийбүрэн, Р.Батсайхан нартай хамтран үүсгэн байгуулсан. Эндээс зөвхөн Р.Батсайхан гэгчийг нь хөвөрдөж хөөхөд л, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед найман жил зөвлөхөөр нь ажилласан А.Ганбаатартай “Олон нийтийн харилцааны эвсэл” ТББ, “Монголын Пи Ар Ассоциаци” ТББ-ыг тус тус хамтран эзэмшдэг. Харин А.Ганбаатар нь АН-ын дарга Лу.Гантөмөртэй хунчир тариалдаг “Астра рүүт” ХХК-ийг хамтран эзэмшдэг схем гарч ирж байна.  
5. Бас нэг ноцтой схем нь, Г.Өлзийдоогийн хамтрагчид болох Ч.Энхсайхан, Т.Нямдаваа хоёр нь “Сүлдэт Монгол групп” ХХК-ийг Болдын Ариунболдтой хамтран эзэмшдэг. Б.Ариунболд нь “Төв азийн эрдэнэ” ХХК, “Мальфлюорит” ХХК-уудыг Раднаагийн Бадрахтай хамтран эзэмшдэг. Харин Р.Бадрах нь мөн л Хэнтийнх бөгөөд “Хаан” банкы эзэн Хаттори Жуничитэй “Ваёо флюорит” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Ваёо флюорит” ХХК нь Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байх Дэлгэрхааны жоншны ордыг эзэмшдэг. Мөн Р.Бадрах нь Хэнтий аймгийн Бэрх тосгонд байх Чандганы нүүрсний уурхайг эзэмшдэг “Бэрх уул” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг нэгэн. Р.Бадрахын бусад хамтрагчдыг цааш хөөвөл, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат нар дээр хөтөлж очно.  
     Энэ мэтээр, хятадуудыг орогнуулж, хууль бусаар мөрийтэй тоглуулсан “Улаан цав” гэх зургаахан давхар зочид буудлын барилгын эзнийг хөвөрдөж  хөөхөд л монголын бүхий л томчуудтай халаасаа холбогдчихож байна. Хятадын хууль хатуу, харин манайд бол тэд хүссэнээрээ дургидаг. Таван жилийн өмнө 800 хятад орж ирж, зочид буудлуудад хуваагдаж байрлаад цахим мөрийтэй тоглоом, цахим залилан хийж байсан нь илэрч нийгэм даяараа шуугиж байлаа. Тухайн 800 хятадыг хилээр “ажилчин”, “жуулчин” гэж оруулж ирэх ажиллагаанд манай төрийн томчуудын компаниуд ч оролцсон нь дуулдаад өнгөрсөн. Харин дураараа дургидгийнх нь дараагийн тод жишээ нь энэхүү мөрийтэй тоглоомын хэрэг болж байна. Захын нэг мөнгөтэй хятад нь засаг төрийн бүхий л томчуудтай халаасаа нэгтгэчихсэн байхаар тэд дураараа дургих нь арга ч үгүй бололтой.  

https://ergelt.mn/news/22/single/41462
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn