Д.Сумьяабазар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үлдээгээч гэж гуйжээ

279


Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд оруулж ирсэн  ногоон автобусны явдал иргэдийн дургүйцлийг хүргэж, улмаар уг асуудлыг хариуцаж байсан  Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн билээ.
Д.Сумьяабазар чөлөөлөгдөх хүсэлт гаргахынхаа өмнө Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй биечлэн уулзаж, зарим зүйлсийг тохирох гэж оролдсон бололтой байдаг.
 
Ерөнхий Сайдын зүгээс : “Сонгуулийн өмнө ийм асуудал дэгдсэн нь манай намд аюул учруулж мэднэ. Хотод байдал хүнд болно. Иймээс та өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх нь МАН-ын эрх ашигт нийцэж байна.” гэсэн хэлбэрээр түүнийг шахжээ. Д.Сумьяабазар хариуд нь дараагийн Нийслэлийн Засаг Дарга өөрийнх нь хүн байх хүсэлт гаргасан ба эцэст нь дундын хувилбар буюу Х.Нямбаатар дээр тогтсон. Учир нь Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн гол итгэлт хүн төдийгүй Д.Сумьяабазартай ч нэг баг гэж явдаг. Тэр бүү хэл Х.Нямбаатарыг анх төрийн албанд, цаашилбал улс төрд оруулсан хүн нь Д.Сумьяабазар өөрөө юм. Иймээс ч Нийслэлийн Засаг дарга хэн байх вэ? гэдэг дээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар тохиролцсон хэрэг. Хоёрдугаарт, Д.Сумьяабазар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үлдмээр байна гэж Ерөнхий Сайд, МАН-ын даргаас гуйжээ. 
Л.Оюун-Эрдэнэ хариуд нь : "Нийслэлийн МАН-ын хорооны даргыг намын дүрмэнд заасны дагуу л шийдэх ёстой." гэсэн ерөнхий хариу өгсөн байна. Тийм ч гээгүй, үгүй ч гээгүй л гэсэн үг.
 
Харин Д.Сумьяабазар үүнийг "Тийм гэж байна" гэж ойлгосон бололтой эргэн тойрныхондоо : "Нийслэлийн МАН-ын хорооны даргаараа үлдэнэ. Энэ ажилдаа төвлөрч ажиллана" хэмээн ярьж буй аж. Гэхдээ энэ хувилбарыг боломжгүй гэж үзэж буй хүмүүс ч МАН-ын удирдах түвшинд олон байгаа юм байна. 
МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан гэхэд л : "Тухайн шатны Засаг Дарга нь тухайн шатны намын хорооныхоо дарга болж байж бодит эрх мэдэлтэй, төвлөрсөн болдог. Энэ бол улс төрийн жишиг шахуу зүйл" хэмээн сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ өгүүлсэн.
Харин Д.Сумьяабазар Нийслэлийн МАН-ын хороог хайрцаглаж чадсан, НИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнхи нь өөрийнх нь хүмүүс гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой.
Гэвч яг үнэндээ Х.Нямбаатар өөрөө л хүсэх юм бол Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох ба энэ тохиолдолд Д.Сумьяабазарын өөрийнх нь хэлсэнчилэн " Байгуулсан намын хороо"-ных нь гишүүд түүний талд бат зогсож чадах нь юу л бол? Учир нь МАН-д "Унасан даргаас урваж болно" гэдэг соёл үйлчилдэг.
 
Э.Мягмар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn