“Юнивишн” ХХК 1.1 тэрбум төгрөгийн торгуулийн эсрэг шүүхдэнэ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Юнивишн ХХК-ийг хэрэглэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзээд 1.1 тэрбум төгрөгөөр торгосноо өчигдөр мэдээлсэн. Бид ШӨХТГ-аас торгууль тавьсан үндэслэлийг, мөн Юнивишн ХХК-аас торгуулийг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодрууллаа.
ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээл судалгааны газрын дарга Ч.Однасан:
-ШӨХТГ-ын даргын баталсан 20220 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/31 дугаартай удирдамжийн дагуу олон суваг дамжуулах, гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн.
“Юнивишн” ХХК нь Улаанбаатар хотын бүсэд “телевизийн олон суваг дамжуулах” үйлчилгээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд “Юнивишин” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн өдөр баталсан №B22/043 дугаартай “Юнивишний үндсэн багцуудын шинэчилсэн нөхцөлд / Улаанбаатар хотын бүх орон сууц болон хаус, Багануур болон Налайх дүүргийн орон сууцанд Юнивишн өрхийн үйлчилгээний “S plus” багцыг 43,900 төгрөгөөр.., хэрэглэгчдэд дамжуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл Улаанбаатар хотод юнивишн өрхийн үйлчилгээний төлбөрийг орон сууц болон гэр хороолол гэж ангилан ялгавартай үнэ тогтоосон байгаа нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасний дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх 1,163,740,176 төгрөгний торгууль ногдуулсан.
Гол үндэслэл нь давамгай байдалтай аж ахуйн нэгж ноёлох үйл ажиллагаа явуулсан байна гэж үзсэн. Зах зээлийн 33 буюу түүнээс дээш хувийг дангаар эзэлж байгаа тохиолдолд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үздэг. Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж үнэ тарифын асуудлыг хянуулсан. Урьд нь “Юнивишн” ХХК-тай холбоотой торгуулийн арга хэмжээ авч байгаагүй. Юнивишн ХХК манай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл шүүхэд хандах эсэх нь нээлттэй. Хэрвээ Юнивишн ХХК шүүхэд хандсан тохиолдолд бид өөрсдийн шийдвэрийг хамгаалах тал дээр ажиллана. Харин торгуулиа төлнө гэвэл тус орлогыг улсын төсөвт шилжүүлнэ.
Бэлтгэсэн: Т.Амаржаргал
Харин Юнивишн ХХК- аас байр суурийг тодруулахад:
-Асуудал маргаантай, тодорхойгүй байхад ШӨХТГ-аас Юнивишн ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа гэж олон нийтэд мэдээлсэнд манай байгууллага гомдолтой байна. ШӨХТГ ямар ч үндэслэлгүй мэдээлэл тарааж, бидний нэр төрд халдсан учир шүүхэд гомдол санал хүргүүлнэ. Шүүхээс эцсийн байдлаар шийдвэр гарах хүртэл манай байгуулга албан ёсны мэдээлэл өгөхгүй гэлээ.
Торгууль тавьсан үндэслэлийг нь хүлээн зөвшөөрөх үү, хэрэглэгчдэдээ ялгавартай хандсан зөв эсэхийг асуухад:
-Хотын А бүсэд дэд бүтэц илүү хөгжсөн байдаг бол Б бүсэд хамаарагдах гэр хороололд нөхцөл байдал өөр, шилэн кабель татах, шон босгох зэрэг дэд бүтцийн асуудлыг улсаас шийдэж өгдөггүй. Үүнийг манай компани өөрсдийн зардлаар шийдсэн. Шилэн кабель болон шон босгож, хөгжүүлэлт хийж байгаа учир гэр хорооллын үйлчилгээний үнэ харьцангуй өндөр байдаг гэсэн үг. Бид энэ үнийн талаар алба ёсны вэб хуудсууд дээрээ мэдээлдэг. Энэ асуудлыг ойлохгүй, гомдолтой байгаа иргэддээ ч тайлбар хүргүүлээд явдаг гэдгийг хэллээ.
Бэлтгэсэн: Н.Туул
https://itoim.mn/a/2023/03/01/society/xzo