“Адуучин” залуугийн эмээл дэлхийн хүртээл болов

293



Гарын ур дүй, авьяас ухаанаараа монгол морины онцлогт яв цав тохируулан эмээл урлаж Дархан Муумянган холбоот хошууныхаа биет бус соёлын өвийн уламжлагч гэх сайхан алдрыг хүртэн цаашид ихийг бүтээх хүнд үүргийг үүрч яваа түүнийг Баянбилиг гэдэг. Дархан Муумянган холбоот хошууны Баян-Овоо сумын Баянбулаг багийн малчин. Түүний хийсэн эмээл морины нуруунд тохирсон, өмнө бүүрэг нь өндөр, унаачийн биед тухтай, аюулгүй байдлыг эн тэргүүнд бодож хийдгээрээ онцлог. Адуучин аавынхаа чөдрийн хэдэн морийг нь долоо найман наснаасаа зайдалж өссөн Баянбилиг моринд ухаагүй хайртай. Ээж нь сүү саалийн ажил ихтэй болохоор Баянбилиг тугал сайн хариулна. Тэр үеэс л бяруудыг ч үлдээхгүй унана.

Аав нь Баянбилигийг арав гаруй настай байхад морь уяж, түүнийг хурдан морины унаач хүүхэд болгосон. Ингэж л аав нь түүний моринд хайртай болох суурийг тавьжээ.

Бага ангийн хүүхэд байсан ч амралтаар хурдхан хөдөө гэртээ харьж морио унахыг хүснэ. Аав нь ч зав л гарвал түүнийг дагуулж ойр хавийн адуун дэллэг, эмнэг сургах, адуу уургалахад явдаг байжээ. Нэг л мэдэхэд Баянбилиг өөрөө ч адуучин алдартай болсон байв. 2007, 2008 онд нутаг бэлчээрийг хашаалах болж малчид хот орсон. 2009 оноос тэрээр ”Адуучны баясал” нэртэй морины эдлэл хэрэгслэлийн дэлгүүрээ хошууны төв Батхаалга сууринд хэдэн мянган юанийн хөрөнгө оруулалтаар нээсэн байна. Мэдээж нас бага, туршлага нимгэн гээд хүмүүс тоохгүй. Хэдий тийм байсан ч хөдөөгийн хар бор ажилд шалгарч гаршсан, мөн морьтой холбоотой бүхэнд зүрх сэтгэлээсээ дуртай тэрээр шантарч байгаагүй. Өдөр шөнөгүй л хичээн ажиллана. Эмээл ширлэх нэг ажлыг ч хэдэн хоногоор хийгээд суучихдаг хүн байжээ. Ингэж байж бүх мэргэжилд мэргэшсэн. Хүн болгонд дур сонирхол, хобби гэж байдаг ч тэр болгон түүнийгээ яг бизнес болгож чаддаггүй.

Түүний энэ бизнесийн замд адуучин аав нь, мөн нутгийн хоёр буурал нь их тус болж эмээлийн нэрийдэл, түүхийг сайн сургаж хэлж өгдөг байлаа. Эмээл хийж олсон мөнгөө ихэнхийг эмээлийн хуучин эдлэл хэрэгсэл цуглуулахад зориулсан гээд гэр дүүрэн тавьсан “эрдэнэ”-нүүдээ заан ярьж байсан юм. Мөнгө олохын тулд амьдралаа зориулдаг биш, мөнгө бол өөрийнхөө хүсэл мөрөөдөлд, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ сэтгэл хангалуунаар хийх явцад таны хүсэл тэмүүллийн шагнал болж ирдэг зүйл гэдгийг энэ хүн сануулах шиг санагдлаа. Түүний эмээл хийж байгаа бичлэг нь Нью-Йорк Таймс талбайд дэлгэгдэж дэлхийн хүмүүсийн хүртээл болж байжээ.

Хот орсон малчин хүний хувьд чадах зүйлээ хийхийг хүссэн гэж Баянбилиг даруухан ярив. Түүний энэ чадах зүйл хэн хүний хийчихдэг ажил биш. Их ур ухаан, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл шаардсан үнэтэй ажил. Дуртай болохоор сэтгэлээсээ хийдэг тул өнөөдрийн амжилтад хүргэсэн байх учиртай. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn