Ү.Амартүвшин: Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугчдыг ус ч уух эрхгүй болгож байна

441

Монголын Үндэсний Их Сургууль (МҮИС) хууль бусаар зөвшөөрөлгүй барилга барьж иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд ноцтой халдаж байгаа талаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, оршин суугч Ү.Амартүвшин өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "МҮИС нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар ашиглаж, орсон машин болгоноос зогсоолын төлбөр тооцож байна. Тухайлбал, зогсоолд машинаа байрлуулбал нэг цагийн 1,000 төгрөг, гараашинд хийвэл 2,000 төгрөг авдаг. Энэ хавийн оршин суугчид хүртэл хашаа руугаа оръё гэхэд мөнгө нэхэж байна. Ийм бүдүүлэг, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа. 
Оршин суугчид өөрийн эзэмшлийн газартаа амьдрах эрхийг хааж боож байна. Машинаа оруулах нь битгий хэл өөрсдөө хашаа руугаа орох боломжийг хаагаад удлаа. Хамгийн ноцтой нь энэ хавийн 30-40 айл өрхийн эрх ашиг хөндөгдөхөөс гадна Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн урд зам дээр хууль бусаар газар авч, нүх ухсан. Энэ бол зөвхөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн амьдрал биш, Монгол Улсын нийт хүн амын амин хэрэгцээтэй холбоотой. Яагаад гэвэл, хүүхдийн эрүүл мэнд бол нийтийн эрх ашгийн асуудал мөн.
Уг нь үндэсний хэмжээний томоохон эмнэлгүүд хэд хэдэн гарцтай байх ёстой. Гэтэл ЭХЭМҮТ хоёрхон гарцтай. Баруун тал нь машин зөрөх боломжгүй ганц гарцтай. Хэрэв энэ зам түгжирвэл яах вэ. Зүүн талын гарцан дээр зам засварын ажил хийх эсвэл осол гарсан тохиолдолд ЭХЭМҮТ-рүү орох, гарах гарцгүй болно шүү дээ" гэлээ. 
Мөн  "Энд амьдарч буй иргэд хогоо ч ачуулж чадахгүй, машинаа ч оруулах боломжгүй болсон. Хэрэв гал гарвал машин орох боломж байхгүй. Хүний бие муудаад түргэн дуудвал бас л орох боломжгүй. Оршин суугчид урд талын худгаас усаа авъя гэсэн ч чадахгүй. "Ус авч чадахгүй байна" гэж хэлэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй төмөр хоолойг дотуур байрнаасаа гаргаад өгчихсөн. Тэндээс нь зэвтэй ус гардаг. Иргэд усаа ч уух эрхгүй болсон гэсэн үг. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэвтэй усаа уувал уу, үгүй бол нүү гэж дарамталдаг. Хотын төвд ийм дүр зурагтай амьдарч байна. Энэ бол ард түмний өмч. Энд амьдарч байгаа иргэдийн орц гарцыг нээх ёстой.
Монгол Улсын газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Хотын стандартын тухай хууль гэх мэтчилэн бараг бүх дүрэм журмыг зөрчсөн. Энэ газраа төр чөлөөлж авах хэрэгтэй" гэв.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn