Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэнэ

451


НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/480 дугаар захирамжаар "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” Ажлын  хэсэг байгуулагдаж, төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байна. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Г.Мөнхнасан нар оролцлоо.  Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зохион байгуулалтыг орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж, монгол хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан техник, технологийн дэвшлийг шингээж, шинэлэг байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж буйг холбогдох албаныхан тодотголоо.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр “Энэ жил Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 70 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Манай улс 1952 оны зургаадугаар сарын 1-нд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг анх тэмдэглэсэн. Энэ жилийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр үндэсний брэнд болох “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг авч, “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээ зохион байгуулах юм. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа итгэл, урам өгч,  хүндэтгэл илэрхийлэх үүднээс хүндэтгэлийн парад зохион байгуулна. Баярын парадад төрийн болон төрийн бус байгууллагууд,  аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагууд оролцож,  3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн.

 

Түүнчлэн Монголын өв соёл, зан заншил, зүйг илэрхийлсэн  “Энх тунх-Мөнх тунх” үзүүлбэр болохын дээр бяцхан дуучин Энжи /А.Эрдэнэцэцэг/, “Том зургаан толгойт” болон орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болно. Хүүхэд багачуудын шимтэн сонсдог урлаг соёлын одод, бяцхан дуучид бүжигчид, жүжигчид, хүүхэлдэйн болон үлгэрийн баатруудын нэгдсэн тоглолтыг ирж сонирхоорой. Мөн эл өдөр Дэлхийн сүүний өдөр тохиож буй тул 10 мянган хүүхдэд сүү тарааж, кальцийн талаарх мэдээллийг хүүхдүүдэд түгээнэ. Сүхбаатарын талбай дээр тоглоомын хүрээ байгуулж ажиллахын дээр хүүхдийн тоглоом, байгууламж барьж байгуулна” хэмээн мэдээллээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Г.Мөнхнасангийн тухайд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд хамгааллын тухай хуулийн заалтуудыг хангах чиглэлд илүүтэй анхаарч ажиллана гэдгийг мэдээллээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамж  (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам, Өглөөний гудамжны хойд талын зам, Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана.

 

Тухайн өдрийн 08:00-20:00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлана. Хөдөлгөөн хязгаарласан газруудад хүүхэд хамгааллын баг ажиллуулна. Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тараахын дээр тусгай автобус бэлтгэн аав ээжээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах  юм. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн шууд дамжуулалтыг  МҮОНТВ, UBS, TV-5 телевизээс үзэх боломжтой.

 “ЭНХ ТУНХ-МӨНХ ТУНХ” ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР 

Хугацаа                                      2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр (Лхагва)

10:30-11:00

Баярын нэгдсэн жагсаал

11:00-13:00

“Энх тунх-Мөнх тунх” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн үйл ажиллагаа

13:00-16:00

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урлагийн нэгдсэн тоглолт

13:15:16:40

Төв тайзны 2 дугаар хэсгийн “Мөрөөдлийн ертөнц” урлагийн тоглолт

16:40-18:00

Төв тайзны 3 дугаар хэсгийн “Аз жаргалтай хотын хүүхдүүд” урлагийн тоглолт

                                                           НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn