Хөрөнгө оруулагчдыг үргээж буй орон нутгийн ИТХ

450

Орон нутгийн удирдлагууд нь Засгийн газраасаа давсан эрх мэдэлтэй улс бол Монгол.
Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлыг зогсоох талаар 2021 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр тогтоол гаргасан юм.
Импортын эрчим хүчийг орлуулж, баруун аймгуудыг цахилгаанаар хангах өндөр ач холбогдол бүхий уг том төслийг урагшлуулах зоримог шийдвэрийг Засгийн газар гаргасан. Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн хамгийн сүүлд мэдэгдсэнээр уг төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын Power Construction Corporation of China болон PowerChina Chengdu Engineering Construction компанийн түншлэл ажиллахаар болоод буй. Гэвч нэгэнт шийдвэр гарсан уг төслийг орон нутгийн Иргэдийн төлөөлөл ийнхүү Засгийн газраас давсан шийдвэрийг гаргаж, гацаахыг оролдсон юм.
Энэ бол анхны тохиолдол биш.
Үүнээс нэг сарын өмнөхөн мөн л гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий томоохон төслийг орон нутгийн удирдлагууд нь эсэргүүцэж, зогсоох шийдвэр гаргасан байдаг. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Бадрах Энержи" компанийг мөн зогсоох талаар сумын ИТХ аравдугаар сарын 1-нд тогтоол гаргасан юм. Тус компани өнгөрсөн 20 жилийн турш бэлтгэл хангасны эцэст долдугаар сард нь үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байсан нь энэ.
Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчидтай иймэрхүү байдлаар харилцаж, орон нутгийн удирдлагууд уул уурхайн салбараа ойлгоогүй явж ирсний үр дүнд өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалт дээр “Оюу толгой”-гоос өөр гялтайх төсөл үлдэхгүй нь бололтой.
Хөрөнгө оруулагчдыг яг энэ мэт үндэслэлгүйгээр үйл ажиллагааг нь саатуулж, үргээснээс болж Монгол Улс өөрөө хохирдог гашуун туршлага цөөнгүй.
Олон Улсын Санхүүгийн Корпорацаас хийсэн "Монгол улсын Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн зураглал" судалгаан дахь “Хөрөнгө оруулагчдад тулгардаг улс төрийн эрсдэлүүд” хэсэгт “Хөрөнгө оруулалтыг хамгаалах баталгаа дутмаг байх нь нэгэнт хийгдсэн хөрөнгө оруулалтыг тогтоон үлдээх мөн дахин хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг” хэмээн тодорхойлжээ.
Үүний хамгийн сонгодог жишээ бол “Хан Ресурс” компанийн хэрэг. Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай тус компанийн лицензийг нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтэд үндэслэн 2009 оны долдугаар сарын 10-нд цуцалсан Засгийн газрын эсрэг Олон Улсын Арбитрын шүүхэд хандан, ялсан байдаг. Харин МХЕГ хавар нь очиж танилцахдаа бүх зүйл болж байгааг хэлсэн талаар яриа байдаг ба Засгийн газар лицензийг цуцалсан шалтгаан нь Оросын талтай хамтрахаар тохирсноос үүдэлтэй талаар тухайн үед хэвлэлээр маш олон удаа бичиж байв.
Ямар ч байсан Монгол Улсын Засгийн газар гаднын хөрөнгө оруулалттай компанийг үндэслэлгүйгээр хохироосон нь олон улсын шүүхээр тогтоогдож, 100 сая ам.долларын төлбөр төлөх өрөнд унасан түүхтэй. Харамсалтай нь Дорнодын ураны ордын төсөл өнөөдрийг хүртэл урагш ахиагүй юм.
Хөрөнгө оруулагчдыг дайсан мэт үзэж, шахаж боомилох гэсэн хандлага орон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн албанаасаа эхлээд иргэдийн дунд нийтлэг байгаа нь Монгол Улсын хөгжлийг хойш татаж байгаа нэг том тээг.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга өнгөрсөн арваннэгдүгээр сард аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хийсэн уулзалтын үеэр энэ талаарх байр сууриа илэрхийлэхдээ “Яг танай аймаг баахан хатуу хөтүү бичиг наашаа явуулсны чинь дараа энэ үйлдвэрийн дансыг хаасан. Нэг талаас аймгийн Засаг дарга нь баруун хацарт нь алгадаад, солгой хацарт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр дансыг нь хаасан. Энэ чинь цааш юунд хүргэх вэ гэдэг асуудал байгаа. Хятадын ЭСЯ-наас ирсэн нот бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. Үүнийхээ учрыг олоорой. Олон олон хүндрэлтэй асуудлын цаад талд иймэрхүү огцом байдлаар хийж байгаад хариу их даралтад орчих вий гэдгээс л болгоомжлоод байгаа юм” гэж хэлсэн.
Гэвч аймаг, сумдын ИТХ дахин энэ мэт шийдвэр, захирамж гаргахгүй байна гэсэн баталгаа алга. Энэ асуудлыг ОУВС-ийн судалгаанд тодотгохдоо “Улс төрийн илүү хүнд эрсдэлүүд харьцангуй цөөн тохиолддог хэдий ч гарах үр дагавар, учрах хохирол нь үлэмж их байжээ” гэсэн байгаа юм. Нэг сумын Засаг даргын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг ойлгодоггүй хандлагаас болж асар их хохирол бий болох эрсдэлтэйг ийнхүү тодорхойлсон хэрэг.
“Бадрах Энержи” компанийн жишээн дээр аваад үзэхэд үйл ажиллагааг нь зогсоох үндэслэлээ орон нутгийн ИТХ нь “Байгаль орчинд хортойгоор нөлөөлж байж болзошгүй хохирлыг тогтоож үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоосугай” гэсэн үндэслэлээр албан бичиг гаргажээ. Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17.2.4-т заасан Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд “Нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэсэн заалтыг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, Байгаль орчинд учруулсан хохирол нь тогтоогдсон бол нөхөн төлүүлэх, засах арга хэмжээ авахуулах, шаардлагатай бол үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох болон дараагийн шатны байгууллагад мэдэгдэж шалгуулах гэсэн заалтыг үндэслэсэн ч хохирол учруулсан нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдоогүй байхад ийнхүү тогтоол гаргасан байгаа юм.
Орон нутгийн удирдлагууд Засгийн бодлогыг сөрсөн энэ мэт хувийн тоглолт нь цаагуураа улс орны эдийн засагт тэдний төсөөлж байгаагаас ч илүү хохиролтойг дахин анхааруулмаар байна.
“Тэр Улаанбадрах дээр Ганзориг дарга аа, арай ядан байж туршилтын үйлдвэрийн ажиллагааг сонгуулийн дараа эхлүүлсэн. Өөрсдөө манайхан гүйж очиж, Ерөнхийлөгчийн түвшинд үүнийг оруулж ирчхээд 20-иод жил болж байхад 20 жил саад тавьсан. Одоо туршилт чинь нэг хөдлөөд эхлэхээрээ жилийн турш үргэлжилдэг, зогсоож болдоггүй эд билээ шүү дээ. Тэгтэл сумын Засаг дарга түдгэлзүүлэх шийдвэр гаргаад захирамж гаргасан. Их хурлын гишүүд “Арева”-гийнхантай өнгөрсөн долоо хоногт уулзсан. Та нартай ярьсан байх. Ийм л байдалтай байгаа.
Ер нь ажил хийлгэхгүй шантааж тавьдаг энэ явдал хэв биш зан болсон шдээ. Оюутолгойн зам дээр нь гарч хэвтэнэ. Мөнгө авна. Энэ асуудлыг орон нутагтаа зохицуулах хэрэгтэй байна. Одоо дахиад Өмнөговь аймагт нэг замын ажил хийгдэнэ. Дахиад багийн хурал хийх гээд хараад суучихсан. Ингээд байвал цаашид хөгжил дэвшлийн тухай ярих хэрэг байгаа юм уу? Ерөөсөө юм хийлгэхгүй, хүн юм хийх аргагүй болчихлоо шдээ. Наад талд эх оронч яриа гаргаад, цаад талд нь шантааж” хэмээн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хатуухан хэлсэн. Гол нь ийм зөрчил гарахгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол “эх оронч” хэмээн өөртөө итгэсэн үндсэрхэг үзэлтнүүд эдийн засгийн дайсан болж байгаагаа ойлгохгүй байна.
Өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Тийм ч учраас Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдын өмнө гаргаж байсан үе үеийн эрх баригчдын өмнөөс уучлалт гуйсан нь гадна талд сайны дохио боловч олон жил нураасан итгэлийг ийм уучлалт биш, үйлдлээрээ харуулахаас нааш манай улсыг хэн ч зүглэхгүй болсон.
Хөрөнгө оруулагчдын итгэл сул байх нь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх эсвэл тухайн улсад дахин хөрөнгө оруулалт хийх гэсэн төлөвлөгөөгөө цуцлах зарим тохиолдолд тухайн улсыг орхин явахаас аргагүйд хүргэдэг болохыг ОУВС-ийн судалгаанд анхааруулсан байдаг. 2017 оны Олон улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар дөрвөн хөрөнгө оруулагч тутмын нэг нь улс төрийн дараах эрсдэлүүд буюу ил тод бус, урьдчилан таамаглаж болохуйц байдал дутмаг, хууль эрх зүйн зохицуулалтын гэнэтийн таагүй өөрчлөлт, холбогдох зөвшөөрөл олгох процесс хүндрэлтэй зэргийн улмаас төлөвлөж буй хөрөнгө оруулалтаа цуцалсан эсвэл оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан татсан гэжээ.
Судалгаанд хамрагдсан хөрөнгө оруулагчдын 13 хувь нь төр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бизнест нь хүндрэл учирсан гэсэн бол тэдгээрийн 35 хувь нь төлөвлөж байсан хөрөнгө оруулалтаа цуцлах эсвэл оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан татахаас аргагүйд хүрсэн байна. Мөн 5 хувьд нь хөрөнгө хураах явдал тохиолдсон ба үүнээс болж эдгээр хөрөнгө оруулагчдын тал хувь нь хөрөнгө оруулалтаа цуцлах эсвэл буцаан татах арга хэмжээ авсан байжээ.
Үндэсний хөгжлийн газар энэ асуудлаар хэд хэдэн гомдлыг шийдвэрлэж, буцаан татагдах эрсдэлд ороод байсан 3.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг үлдээж чадсан бөгөөд цаашид энэ хэмжээг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа аж. Хөрөнгө оруулагчийг хамгаалах орчин хангалтгүйн улмаас алдагдал хүлээж болзошгүй эрсдэл бүхий хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 90 хувьтай тэнцүү байхаар байгааг Үндэсний хөгжлийн газар тооцож гаргаад байгааг сануулъя.
 
Ц.Тамир
Факт-чекэр, медиа аналист
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn