Д.Сумъяабазар: Дулааны шугам, сүлжээн дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ

436


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн хамт олонтой уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд тус компанийн дарга Г.Баярсайхан өвлийн бэлтгэлээ базааж, зуны засварын ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаагаа онцолсон юм. Тэрбээр "Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь Дулааны цахилгаан II, III, IV станцууд, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн дулааны шугам болон даралт өргөх насосын станцаар дамжуулан Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2838 аж ахуйн нэгжийн хэрэглэгчийг хангаж байна. Мөн улсын болон хувийн орон сууцны конторуудын 12500 орчим барилга, объектын халаалт, халуун ус, салхивчийн дулааны эрчим хүчний хэрэглээг жилийн турш тасралтгүй, найдвартай, хэвийн ханган ажиллаж байна” гэлээ.
Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Дулаан хангамж бол Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудал. Энэ асуудалд анхаарал хандуулж Засгийн газар, холбогдох яаманд санал, хүсэлтээ хүргүүлж байгаа. Тиймээс та бүхэнтэй уулзаж, санал бодлоо солилцох гэж ирлээ. Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх түүхэн шийдвэр гаргаж, жил бүр 420 тэрбум төгрөгийг өгөхөөр болсон. Мөн Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа. Тиймээс бидэнд хийх ажил их бий. Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлын дулаан хангамжийн эх үүсвэрийг шийдэхэд танай хамт олны үүрэг, оролцоо чухал. Бидэнд мэргэжлийн инженерүүд шаардлагатай байгаа. Том бүтээн байгуулалт хийхэд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулна. Метроны төслийн хажуугаар хонгилын системийг хийх судалгаа хийнэ” гэлээ. Мөн Хотын дарга хууль, эрх зүй, засаглал, эдийн засгийн шинэчлэл хийх тухайгаа товч танилцуулсан юм.
Хотын хөгжлийг тэлэх ажлын хүрээнд дулааны шугамын өргөтгөл, газар чөлөөлөлт хамгийн их тулгамдаж байгаа асуудал. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд 358 тэрбум орчим төгрөг, газар чөлөөлөлтөд 600 тэрбум гаруй төгрөг шаардлагатай аж. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Эрх зүйн чадамжтай болсноор тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэдгийг Хотын дарга энэ үеэр онцоллоо. Тэрбээр “Дулаан хангамж нь айл гэрээр бол гал голомт гэж боддог. Тийм учраас Засаг даргын хувьд бүх талаас нь дэмжиж ажиллана” гэлээ.
"Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудын төлөөлөл “Шугам, сүлжээний засварын ажил хийхэд газрын асуудал их гардаг. Иргэд өөрсдийн дураар дулааны шугам, сүлжээн дээр өргөтгөл барьдаг. Эсвэл дулааны шугам дээр газар олгосон тохиолдол их байдаг” гэж ярьж байлаа. Мөн хуучин дулааны шугам, сүлжээ байнга хагарч, эвдэрдэг. Засвар хийх гэхээр зам хаах шаардлагатай болдог. Төрийн байгууллагуудын уялдаа муу байдаг зэрэг саналыг хэлж байсан юм.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дулааны шугамууд дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ. Дахиж ийм асуудал гаргахгүй. Дулааны шугам, сүлжээн дээр олгосон газруудыг хуулийн хүрээнд цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэлээ. Мөн үргэлжлүүлэн “Хуульд захирагддаггүй, дураараа дургисан байдал газар авсан. Үүнийг цэгцэлнэ. Нийтийн эзэмшил, дулаан хангамж, ус сувагтай холбоотой газруудыг бид хамгаална” гэв.
Уулзалтын төгсгөлд Хотын дарга дулааны шугам, сүлжээний зуны засварын ажлыг хугацаанд нь хийж, дуусгах үүрэг өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn