"Агаарын бохирдол ихссэн нь галлагаа нэмэгдэж, агаарын урсгал тогтуун байгаатай холбоотой"

417
 
Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 01 дүгээр тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2020.12.23/ цахимаар хуралдлаа. Гишүүд 100 хувь хүрэлцэн ирснээр хуралдаан 10 цаг 05 минутад эхэлж, Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг цаг үеийн мэдээллийг Ажлын хэсгийн гишүүдэд өгөх зорилгоор агаарын бохирдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсохоор төлөвлөснийг танилцуулав.
Эхлээд Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн дарга /Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга/ Т.Гантөмөр төвлөрсөн бус хангамжийн дулаан үйлдвэрлэх, түгээх, дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах зуухнуудыг шат дараатайгаар төвлөрсөн дулаан, цахилгаан, хийд холбох, сайжруулсан шахмал түлшээр галлах технологийн горимд шилжүүлэх зэргээр түүхий нүүрсээр галлахыг зогсоохоор явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
 
Дараа нь Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр улсын хэмжээний болон Улаанбаатар хотын агаарын чанарын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр 24 цагийн турш агаарын чанарыг хянах суурин харуул Улаанбаатарт 15, орон нутагт 25 ажилладаг, эдгээр автомат харуулууд агаар дахь түгээмэл тархалттай хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу  исэл, озон, PM10, PM2.5, тоосонцор зэрэг бодисын үзүүлэлтийг тодорхойлдог. Улаанбаатарын агаарын чанар өнгөрсөн 11 дүгээр сар болон сүүлийн долоо хоногт дундаж буюу бага бохирдолттой тодорхойлогдсон. Агаарын чанарын индексийг их бохирдолттойгоос эхлэн 6 түвшингээр авч үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд 4 зэрэглэлээр буурсан гэсэн мэдээллийг өгсөн юм.
 
Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Ганболд, Т.Аубакир болон Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үеийнхээс ихэссэн эсэх, тэр дундаа хүхэрлэг хийн агууламж ямар байгааг тодруулав.
 
Асуултад Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр агаарын бохирдлын агууламжийг хэмждэг хүхэрлэг хий өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээр өнгөрсөн жилийн мөн үеийнхээс ахиу гарсан бөгөөд энэ нь галлагааны эрчим нэмэгдсэн, агаарын урсгал тогтуун байгаатай холбоотой гэсэн тайлбар хэллээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Нарангэрэл “Тавантолгой түлш”  ХХК-ийн сайжруулсан түлшнээс тогтмол авдаг шинжилгээгээр 1 байх ёстой хүхрийн хэмжээ 1-тэй тэнцүү буюу стандарт хэмжээндээ гарч байна гэсэн хариулт өгөв.  
 
Улсын Их хурлын гишүүн Б.Саранчимэг Улаанбаатар хот дахь төвлөрсөн дулаанд холбох боломжгүй байршлын хэчнээн уурын зуухыг түүхий нүүрсээр галлаж байгаагаас ирэх онд хэдийг нь зогсоож, цаашид хумих ямар бодлого барьж байгаа талаар тодрууллаа. Дээрх асуултад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн хэсэг, онцгой байдлын алба, зэвсэгт хүчний цэргийн анги, төмөр замын өртөө, хувийн хэвшил зэрэг 181 аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар түүхий нүүрсээр галладаг зуухаар халаалтаа шийдэж байгаа бөгөөд 2021 оны 5 дугаар сараас  Улаанбаатар хотын 2, 3 дугаар бүс дэхь 79 уурын зуухыг түүхий нүүрсээр галлахыг зогсоохоор төсөв хөрөнгийг шийдэн ажиллаж байна. Цаашид “Амгалан  дулааны станц” зэрэг томоохон дулааны станцаас бусад түүхий нүүрсээр галладаг уурын зуухны тоог жил бууруулна гэдэг тайлбарыг Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн дарга Т.Гантөмөр өгсөн юм.
 
Түүнчлэн сайжруулсан түлшний үнийг 75 хүртэл хувиар бууруулсан нь түлшний хангамж, түгээлт, нөөцөд нөлөөлсөн үү, Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, аймгуудад түүхий нүүрсээр галладаг бүх уурын зуухуудад шүүлтүүр тавих боломж бололцоо байна уу, судалгаагаар агаарын бохирдол өндөр гарсан аймгуудад сайжруулсан шахмал түлшний үйлдвэр бүсчлэн байгуулах ажилд ямар ахиц байгаа талаар болон агаарын бохирдлыг бууруулах ямар ажилд хэдэн төгрөг төсөвлөсөнийг Улсын Их Хурлын гишүүд тодруулж хариулт авав. Гишүүдийн асуултад Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон холбогдох байгууллагын албан тушаалтнууд хариулт өгсөн. “Тавантолгой түлш”  ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан нь, мөн ард иргэд цар тахлаас шалтгаалан гэртээ байгаа зэрэг нь эрэлтийг ихэсгэсэн. 2020.12.8-ны өдөр зүүн бүсэд буюу Налайхад шахмал түлшний 2 дахь үйлдвэр ашиглалтад орсноор нөхцөл байдал хүндрэхээс үр дүнтэй сэргийлж, түлшийг тэгш, хүртээмжтэй хүргэхэд бүх цэгүүддээ хяналт тавьж, өдөр тутам тулгарч буй асуудлыг холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдон шийдвэрлэж байгаа талаар хариулав.  
 
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Алтанзул Улаанбаатар хотод бүртгэлтэй 415 түүхий нүүрсээр галладаг зуухны 368-д нь шүүлтүүр тавьсан. Мөн Ховд, Хөвсгөл, Орхон зэрэг 4 аймгийн уурын зууханд шүүлтүүр тавьсан. Орчны бохирдлыг бууруулах ажилд ирэх онд 81 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэсэн хариулт өгсөн бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Нарангэрэл улсын хэмжээнд 800 зууханд шалгалт хийсэн. Үнс баригчтай 108 зуух байна. Аймаг, сумдад үнс баригчтай буюу стандартын шаардлага хангасан зуух суурилуулсан эсэхэд 2021  онд дахин хяналт шалгалт хийж ажиллана хэмээн хариулав.
 
Асуулт асууж, хариулт авсны дараа  гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ирэх онд хийх ажлын саналаа Дэд хороонд ирүүлснээр зөв бодлого, төлөвлөлтийг хамтран гаргах, агаар, орчны бохирдлын талаар үнэн бодит мэдээллээр ард иргэдийг хангаснаар эрүүл мэндээ хамгаалах боломжийг  олгох, ажлаа эрэмбэлж, ялангуяа орон нутагт оновчтой хуваарилах зэрэг санал хэлэв.
 
Төгсгөлд нь Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг агаарын бохирдол бодитой буурсан мэдээллийг Ажлын хэсэгт өгч байх, үүнтэй холбоотойгоор цар тахлын нөхцөл байдал намжихаар газар дээр нь ажиллаж, цаашид авах арга хэмжээг шийдвэрлэж явна. Агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулахаар төр засгаас дэвшүүлсэн зорилтдоо хүрэхэд хамтын ажиллагаа чухал гэдгийг холбогдох байгууллагын албан тушаалтнуудад чиглэл болгов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn