Нобелийн долоо хоног эхэллээ

Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног албан ёсоор өчигдөр /2025.10.06/ эхэллээ. Өчигдөр физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнуудыг тодруулсан бол ирэх өдрүүдэд бусад салбарт шагналын эздийг зарлана.
Аравдугаар сарын 7-нд буюу мягмар гарагт физикийн, лхагва гарагт химийн, пүрэв гарагт уран зохиолын салбарын Нобелийн хороод шийдвэрээ зарлах бол баасан гарагт Осло хотноо Энх тайвны Нобелийн шагналтныг тодруулна. 1968 онд Шведийн Төрийн банкнаас бий болгосон Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын 13-ний өдөр тодорно.
Альфред Нобель (1833-1896) гэрээслэлдээ физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг шалгаруулах ажлыг 1810 онд байгуулагдсан, одоо дэлхийн боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх төвүүдийн нэг болоод буй Стокхолм дахь Каролины хүрээлэнд даатган үлдээжээ. Тус хүрээлэнгийн дэргэдэх Нобелийн хороо байнгын таван гишүүнтэй бөгөөд зөвлөлдөхийн тулд шинжээчдийг урьдаг. Нобелийн шагналд нэр дэвшүүлэх эцсийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дууссан байна.
Нобелийн хорооноос шагналд нэр дэвшсэн хүмүүсийн тухай, эсвэл тэднийг дэвшүүлсэн хүмүүсийн талаар сүүлчийн мөч хүртэл мэдээлдэггүй билээ.
1901 онд Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог нэр хүндтэй уг шагналыг 115 удаа олгож, 229 хүн хүртсэний 13 нь эмэгтэйчүүд байв. Хамгийн залуу шагналтан нь 1923 онд инсулинийг нээснийхээ төлөө 32 настайдаа уг шагналыг хүртсэн Фредерик Бантинг бол хамгийн ахмад нь болох Пэйтен Роуз 1966 онд хорт хавдар үүсгэгч вирусийг илрүүлснийхээ төлөө 87 настайдаа хүртэж байжээ.
Шагнал гардуулах ёслол Нобелийн таалал төгссөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд Стокхолмын Филармонид болно.