Нэр дэвших хүсэлтэй дүүргийн Засаг дарга нарт мандат олдохгүй бололтой

0

Нийслэлийн бүх дүүргийн Засаг дарга нар нэр дэвших, гишүүн болох хүсэлтэй байгаа. Гол нь ёндоо таарч, мандат олдох, эсэх нь л эргэлзээтэй. Тэр тусмаа өрсөлдөөн ихтэй МАН-аас нэр дэвшихийн тулд дээрээ татаастай, дансандаа мөнгөтэй, тойрогтоо нэр хүндтэй байх ёстой. Харин одоогийн Засаг дарга нараас хэн нь эдгээр шалгуурыг давж нэр дэвших эрхээ намаасаа авах бол.
undefined
Сонгинохайрхан
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэхдээ тус дүүрэгт өрсөлдөөн их, Засаг даргад боломж хомс байгаа аж. Тухайлбал, Соёлын сайд Ч.Номин, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн, Хотын дарга асан Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Э.Батшугар, П.Анужин, Б.Жаргалмаа, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн гээд нэрс хөвөрнө.
СХД бол нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын дүүрэг гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, Д.Сумъяабазарын багийнхан ээлжлэн тус дүүргийг удирдсаар 10 гаруй жил болсон. Манай алдарт хотын дарга Х.Нямбаатар ч Д.Сумъяабазарын баг. Тиймээс ч тэрээр СХД-ийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байгаад улстөрд орж ирсэн. Түүнээс хойш Ж.Сандагсүрэн, Н.Алтаншагай нар ээлжлэн СХД-ийг удирдсан. Тэгвэл энэ удаад хотын дарга асан Д.Сумъяабазар Н.Алтаншагай, Ж.Сандагсүрэн хоёрынхоо нэгийг дэвшүүлэх сонголтын өмнө иржээ. Аль нь ч дэвшсэн Д.Сумъяабазар даргад ялгаагүй ч дүүрэгтээ намаа ялуулах, өөрийн хүнээ улстөрд оруулах нь чухал. Тиймээс дээр хэлсэнчлэн хэн нь мөнгөтэй, тойрогтоо нэр хүндтэй нь энэ удаад нэр дэвших нь. Ж.Сандагсүрэнгийн хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулж чадвал улстөрд эргэн ирэх боломж нээгдэнэ. Гэхдээ "Ногоон автобус"-ны хэрэгт хариуцлага хүлээн огцорсон хотын даргын багт ажиллаж байсан учраас рейтингийн судалгаагаар Н.Алтаншагайгаас доогуур гарчээ.
undefined
Баянгол
Баянгол дүүрэг үеийн үед заавал хэн нэгнийх байсаар иржээ. Нэг үе "С.Эрдэнэ вангийн хошуу" гэх хүртлээ нэрлэгдэж байсан Баянгол дүүрэг одоо бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарынх болсон. Дүүрэгт ажилд орох, дүүргийн удирдлага болоход заавал Ж.Ганбаатар гишүүний зөвшөөрлийг авдаг болоод удаж байгаа. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар ч Ж.Ганбаатар сайдын дэмжлэгтэй хүн л дүүрэг төлөөлж нэр дэвшинэ. Харин Ж.Ганбаатар сайд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыгаа нэр дэвшүүлэхгүй гэжээ. Харин "Нийслэлийн орон сууцны корпорац"-ын гүйцэтгэх захирал М.Говьсайханг нэр дэвшүүлэхээр гүйж яваа гэнэ. Учир нь М.Говьсайхан Ө.Сумъяабаатарыг бодвол мөнгөтэй бөгөөд сайд өөрт дарамт болохгүй, биеэ дагаад аваад явчих нэр дэвшигчийг сонгосон бололтой. Тиймээс энэ удаад Ө.Сумъяабаатар Засаг даргад нэр дэвших боломж олдохгүй байж мэдэх нь. Уг нь хэл амтай ч Засаг дарга дөрвөн жил хийсэн хүнд Төрийн ордны босго давж болмоор л харагдаж байгаа биз ээ.
М.Говьсайханы тухайд СХД-ээс НИТХ-д сонгогдсон, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай Англид хамт суралцаж байсан найзууд. Гэхдээ М.Говьсайхан анхан шатнаас нь эхлээд эрх мэдлээ ашиглаад эхэлсэн нэгэн аж. Тодруулбал, тэрээр НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон даруй түүний хамаарал бүхий “Хүрэл ордон” компани СХД-ийн хэд хэдэн тендерт ялж, орлого нь ч нэмэгдсэн байдаг.
undefined
Баянзүрх
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мөн л нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэхдээ түүнд энэ удаад нэр дэвших боломж хомс байгаа аж. Учир нь Баянгол дүүрэг мөн л горилогч ихтэй. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Б.Солонгоо гээд өрсөлдөөн их бий. Тиймээс намаас УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Засаг дарга Н.Баярмөнх хоёрын нэгийг дэвш гэжээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гишүүн болохоосоо өмнө БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жил дорвитой ажил хийгээгүй, бараг олонд олигтой ч танигдаж чадалгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байна. Тиймээс энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Засаг дарга Н.Баярмөнх хоёрын аль нэг нь л нэр дэвших бололтой. Гэхдээ УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн намын хорооны дарга. Тиймээс Н.Баярмөнхөөс илүү эрх мэдэлтэй учраас боломж илүү байж мэднэ.
undefined
Чингэлтэй
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл уг нь энэ жилийг л хүлээж МАН-д зүтгэсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болох гэж л МАН-д олон жил “цүнх барьсан”. Өмнөх сонгуулиар дүүргээс нэр дэвшсэн хоёр гишүүн нь энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй болж Н.Батсүмбэрэлийн “нар гараад” байв. Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нүүрсний хэргээр ял авсан бол Ж.Сүхбаатар гишүүн ногоон автобусны хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад байгаа. Тиймээс Засаг дарга Н.Батсүмбэрэлд мандат олдох боломж гарч магадгүй байв. Гэхдээ тойргийг нь томсгож Сүхбаатар дүүрэгтэй нэгтгэсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дүүргийг нь “базах” болсноор Н.Батсүмбэрэлд боломж олдсонгүй.
Мөн тойрог томсгосноор өрсөлдөөн ч нэмэгдсэн. Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг зургаан мандаттай бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд Б.Түвдэндорж,МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг гээд 17 хүн горилж байгаа бөгөөд энэ хэрээр өрсөлдөөн их бий. Тиймээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд энэ удаад мандат олдохгүй болж тунчиг ууртай яваа гэнэ. Гэхдээ бүхий л амьдралаа намтай холбож, олон жил гүйснийх Засаг даргын албан тушаал дээр очоод байгаа. Тиймээс дахиад жаахан л хүлээвэл 126 гишүүний нэг болох боломж хэзээ нэг өдөр гарах биз ээ.

https://itoim.mn/a/2024/04/15/politic/bkf
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn