Дэлхийд үлгэрлэх Хөвчийн элсний шинэ домог

312
Арван жилийн есөн жилд нь ганддаг гэх муу нэр, луу данстай Хөвчийн элсэнд бороо орохдоо орж, халахдаа халж, нар хур тэнцэнэ гэдэг цаг агаар тэгширч, байгаль экологи сайжирсны хамгийн тод бэлгэ тэмдэг юм. Чийгийн үнэр цээж онгойлгож, элсэн нутаг ногоорон цэлийнэ. 1990-ээд оны сүүлчээр л уулын авто зам нэвтэрч, элсэн гүн дэх хүн зонд хөгжлийн шинэ замыг нээж, Хятад улс цаашилбал дэлхийд гайхамшиг бүтээн домог болон яригдаж байсан Хөвчийн элс өнөөдөр яаж өөрчлөгдсөн бол?
Таван үеийн ойжуулагчийн үзэл баримтлал
   
Хятадын умрад хязгаарт байрлах хөвчийн элсэн цөл нь Ордосын өндөрлөгийг тойрон урссан Хатан голын хүзүүн дээр буюу Ордосын өндөрлөгийнd хойд биед Хангин, Далад, Зүүнгар хошууны бүс нутагт хөндөлсөн байдаг. 3000 жилийн өмнө энэ нутагт өвс мод ой тайгатай байлаа гэж “Шүлэглэлт ном”-д тэмдэглэсэн байдаг. Тан гүрний үед Хөвчийн элс нь “Кү Жье элс” гэгддэг байсан ба Мин Чингийн үед Хөвчийн элсэн цөл нь өргөжин тэлсэн гэдэг.
   
Хөвчийн элсийг ногооруулах ажил Хятад улс байгуулагдсан үеэс эхэлсэн юм. 1950-иад онд “хагалбарлахыг хориглож, билчээрийг хамгаалах”, 1960-аад онд “Өвс мод тарьж, үндсэн тариалангийн газрыг хамгаалах”, далаад онд “газар тариалан бэлчээр, ойг ерөнхийд нь сайжуулах”, 1980-аад онд “ургамлын бүрхэц нэмэгдүүлэх” гэхчлэн Хөвчийн элсний цөлжилтөөс сэргийлэх, элсийг ойжуулах ажил ер нь тасралтгүй явагдсаар иржээ.
   
“Умардын гурван орон”-ы үзэл баримталлыг ярьхад Өвөр Монголчуудын ойжуулалтын үзэл баримтлалыг дурдах нь чухал. Өвөр Монголчуудын экологийн бүтээн байгуулалтын үзэл баримтлалыг дурдахад Хөвчийн элсийг ногооруулан дэлхийд алдар нэрээ тамгалсан Хангинчуудын үзэл баримтлал дурдагдана.
 
Аав, хүү ойжуулагч
   
Хангин хошууны Шинэбалгасаас хойш хамгийн сүүлийн үед замын хөдөлгөөнд орсон цөл туулсан мужийн зэргэллийн авто замаар давхиулж Дугуй тал суурины Төгрөг багийн Өргөндалайгийнд хүрлээ. Хангин хошууны хэмжээнд цөл туулсан авто зам нийт 5 шугам болж 1000 гаруй километр урт болоод байгаа тухай хамт яваа хошууны суртал ухагулгын газрын эрхлэгч Ван овогт бидэнд танилцуулж байлаа.
   
Мөр мөрөөр жигдэрсэн шаваг харгана бургас, уд улиас жигдхэн. Хүний хүчээр ойжуулсан таримал ой моддын дунд Өргөндалайгийнх суурьшдаг. Шинэ зууны эхний үед нутаг усаа ойжуулж мод тарин Хятадын 10 шилдэг залуу, “5 •1”-ний хөдөлмөрийн үлгэр жишээч зэрэг энгэр дүүрэн яруу алдрын медаль хүртсэн Өргөндалайг хошууны төв Шинэбалгасаас ирэх зуур бид түүний бага хүү Хүсэлттэй аавынх нь ойжуулалт, тарьж ойжуулсан бүстэй нь танилцлаа. 1995 онд төрсөн энэ залуу их сургуульд суралцаж байх хугацаандаа цэргийн албанд хоёр жил хашаад дахин сургуульдаа сурч дүүргээд нутаг буцан мал дээр гарчээ. Өнгөрсөн жил хуримаа хийн малчин заяагаа түшжээ. Хүсэлтийн хүү хүний нүд булаасан жаахан хүү тунтар тунтар алхаж харагдана. Хүсэлт аавыгаа даган нутаг усаа ойжуулах ажилд шалатгайлж байна.
   
“Намайг ухаан орохоос эхлээд аав модны соёо үүрээд хөдөө гадаа явдаг байсан. Одоо аав машин жолоодон өрөм, модны соёо тээгээд элс манхан газрыг тарьж ойжуулж байна. Аав минь бараг 6666 га газрыг ногооруулж ойжуулсан. Энэ хавар би аавтайгаа 10 мянга гаруй мү газарт мод тарьсан. Ойжуулалт хийнэ гэдэг илүү үзэсгэлэнт сайхан нутаг орныг бүтээн байгуулахын төлөө юм” хэмээн итгэл дүүрэн ярих энэ залуугийн харцнаас ирээдүй харагдаж байлаа. Зур гэх энэхүү элсэн нутагт Өргөндалай 1980-аад онд ааваасаа өрх тусгаарлан айл болжээ.
   
“Элсэн баларт өрх гэрээ байгуулсан болохоор амьдрахын төлөө тарьж эхэлсэн. Ойжуулалтын үр өгөөжийг хүртсэн би өөр бусдад илүү сайн сайхан амьдралын орчныг бий болгохын тулд илүү сайн ойжуулахыг хичээж байна. Тарьж ойжуулах нь үлдсэн амьдралын маань зорилго болоод байгаа” гэж 56 настай Өргөндалай ярилаа.
 
Элсний гүн дэх өвгөн дарга
   
Дугуйтал суурины дуут нуур багийн Намын дарга байсан Чэн Нинбу Хөвчийн элсний малчид амьдарах аргагүй болж, ажил амьдралаа залгуулахаар гадагшаа явж байсан тухай ярилаа.
   
“Жил жилийн салхи шуурга, Хатан тайлах (Хатан гол хайлах), Хатан өмсөх (Хатан гол хөлдөх), Хатан гол үерлэх нь бас нэг хүнд зовлон байсан. Элс, үерээс зугтаж, буруулан хэдэн ч айл нүүснийг мэдэхгүй” гэж өвгөн дарга толгой сэгсэрнэ.
   
Нохой хамартаа хүрэхээр усч гэдгээр байгаль ахуйгаа сэргээнэ. Орчин тойрноо ногооруулахаар чадах бүхнээ хийн мунгинаж эхэлжээ.
   
Насаараа нутгийн малчдаа уриалан ойжуулалт хийж явсан тэрээр өнөөдөр 70 насыг зооглож яваа ч нутгаа сахин, хэдэн малаа харан ойжуулсан бэлчээр усаа хамгаална.
   
Зам тээвэр нэвтрээгүй байхад тэмээгээр нэг өдөр явж байж хүнс будаагаа тээж ирдэг байлаа. Одоо авто зам нэвтрээд өдрийн аяныг цагаар товчилж байна. Сүүлийн 2 жилд элсэн нутаг ногоорч нутаг буцан ирэх малчид цөөн бус болжээ.
   
Нэлгэр цагаан элс манх үргэлжилж, ямх өвс ургахгүй өнчин амьтан оргонох аргагүй жилийн жилд салхилдаг Хөвчийн элс “Тамын орон” гэгдэдгээрээ дэлхийд нэрд гарч байсан бол өнөөдөр 6000 гаруй тэгш дөрвөлжин километр талбай бүхий элс манх нь ойжин ногоорч, 100 гаруй төрлийн 500 гаруй зүйлийн амьтан ургамалтай номин ногоон экологийн системийг бий болгосон нэрээр дэлхийд үлгэр жишээ болж байна. Өвгөн дарга Чэн Нинбу гуайн ярих үлгэр шиг мөртөө үнэн үйл явдал бидэнд Хөвчийн элсний хөгжил өөрчлөлтийн түүхийг дэлгэж билээ. 

“Элсний саргай” цэцгийн итгэл бахархал
   
Дуут нуур багийн Отгонхуар Хөвчийн элсний ойжуулалтын аргыг Хятад улсын хэмжээнд дэлгэрүүлсэн хүний нэг. Отгонохуар вичатын нэрээ “Элсний саргай” гэсэн нь учиртай. Гэгээн цагаан өнгө зүстэй энэ бүсгүйг элсэн нутгийн хүн гэхэд итгэж ядмаар. Төрсөн нь гэгээлэг, хийсэн бүтээсэн нь гэгээлэг болохоор элсэн нутагтаа саргай цэцэг шиг дэлгэрч хол ойрдоо алдаршиж, хүмүүс “Элсний саргай” гэж нэрлэх болжээ.
   
И Ли компани нь 1990-ээд оноос Хөвчийн элсэнд их хэмжээгээр ойжуулалт хийж, нутгийн малчдыг өдрийн 80 юаниар цалинжуулан мод тарьсан.
   
1998 оны үед сарын 300-аад юанийн цалинтай наранд шарагдаж, салхинд гуядагдахгүй банкны ажилтны албан тушаалд амар тайван амьдарч байсан Отгонхуар энэхүү ойжуулалтын үйл ажиллагаа буюу мод тарих ажилд нэгдэв. Элс гэхээр толгойтой үс нь арзайдаг байсан тэрээр элс ногоорохыг хараад итгэл зоригтой болж, 2009 оноос газар хариуцан авч тусгай ажлын баг байгуулан ойжуулалт хийж эхлэв.
   
Цэцэн сэргэлэн, хөдөлмөрч, авхаалжтай энэ бүсгүй ойжуулалтын багаа дагуулан 2014 онд Шиньжяны элсэн цөлд 1500 мү бургас, улаан бургас, 200 мү чихэр өвс тарьжээ. 2017 онд Хөхнуур Төвөдийн өндөрлөгт 1200 мү ойжуулалт хийж, 2019 онд Тунляо хотын Кайлу шяньд чихэр өвс зэрэг эмийн ургамал тарьжээ. Нутгаа ойжуулаад зогсохгүй гадна муж оронд ойжуулалт хийсэн болохоор “Хятадын үндэстний эв нэгдэл дэвшлийн тэргүүний хувь хүн” болжээ. Элснээс айдаг байсан Отгонхуар “Элс манх надад маш халуун дотно санагддаг болсон. Манхан нутаг маань ногоорч байна. Манхан нутгаа түшиж, бидний орлого ч нэмэгдсэн” хэмээн итгэл дүүрэн ярьж байлаа.
   
Цөлжилт саарсан түүхт эргэлтийг бий болгож, Хөвчийн элсэнд экологи, эдийн засаг хөгжсөн шинэ замыг нээсэн байна. Хөвчийн элсний ойжуулалт, хөгжил нь “Номин ногоон уул, ус бол алт мөнгөн уул” гэх Ши Жиньпин даргын үгийг баталж байна.

Оргилын гал халуун мөрөөдөл
   
Ордосчууд Хөвчийн элсэн цөл, Муу-Усны элсэн цөл гэх хоёр их элсэн цөлд хамрагддаг байгаль газар зүйн өвөрмөц нөхцөл байдлаас болсон байх. 19050, 1960-аад оноос Боролдой нар хүрзээ үүрэн, усаа дамнан гөлгөр манхан дээрээ өвс, мод тарьж байлаа. Тарьсан модод шугуй болж, үлгэр дуурайл, үзэл баримтлал болсноор өнөөдөр олон үеийн ойжуулагч мэндэлсэн билээ. Түүний нэг нь Хангин хошууны Жаргалант суурины Сайн-Ус багийн залуу малчин Оргил юм.
   
Хөвчийн элсний баруун хойд биед байрлах Оргилынд очих замыг бид бараг таарсан бүгдээс асууж лавласан гэхэд болно. Гэвч бид төөрөх тавилангаас буцаж чадсангүй. Төөрч явсаар Оргилтой уулзан энэ хавар гөлгөр манхад тарьсан нялх моддын захад хүрлээ. Гөлгөр элсэн хөндийд шавар зөөж, элсийг сааруулан тарьсан нялх соёонууд үндэслэн ургасан байхыг харсан бид ядарсан төөрснөө умартан эрхгүй дуу алдлаа. Оргил “Сургуулиа төгсөж ирээд жил болгон мод тарьсан. Энэ хавар 1333 га газарт ногооруулалт хийсэн. Хэдэн жилийн дараа та нар буцаад ирэхэд энэ манх битүү ой болчихно” гэж байв. Домог шиг үнэн түүх элсэн балраас уншигдана гэдэг энэ байх.
   
“Сая илүү юанийн төмрийн хадгаламжтай” хүн гэж өөрийгөө танилцуулсан Оргил 1989 онд төрж, 2012 онд дүрслэх урлагийн мэргэжлээр их сургуулиа дүүргээд нутагтаа буцан ирж, бордоо хийх тусгай тоног төхөөрөмж худалдан авч элсэн нутгийн алтан харганаа “эрдэнэ” болгожээ. Түүний найруулан гаргасан бордоо хол ойрын малчдад хүлээн зөвшөөрөгдөн эрэлт ихтэй болж, нийлүүлэлтээ дийлэхгүй болжээ.
   
Гэрийнх нь гадуур хөх харгана дүүрэн ургасан байгаа нь их хөдөлмөрч айл гэдгийг гэрчилж байв.
   
“Санаж байвал бүтнэ, сажилж байвал хүрнэ” гэдгээр бүгд сэтгэл нэгдэн хөдөлмөрлөвөл туульд хайлагдаж, домогт яригддаг сэр сэр салхитай, бор бор бороотой нутаг юу ч байхав дээ. Хөвчийн элсний үе үеийн ойжуулагчдын хүчинд үнэн байсан зүйл домог болж, домог байсан зүйл үнэн ор мөртэй болж, Хөвчийн үзэл баримтлалыг бий болгож байна.
 
Экологийн соёл иргэншил дэлхийн үлгэр жишээ
   
2017 онд “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн XIII хэлэлцээрийн хурлаар Хөвчийн элсний ойжуулалтын амжилт нь Хятад улсын цөлжилтөөс сэргийлэх, элсийг ойжуулсан ажил үр дүнтэй болж, олон улсын цөлжилтөөс сэргийлэх үйл хэрэгт үлгэр жишээ болжээ.
   
Хөвчийн элсний олон улсын VII хурал 2019 онд Хөвчийн элсэнд болж, Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээж “Хөвчийн элсний ойжуулалтыг олон улсын нийгмийн экологийн хөгжлийн үлгэр жишээ болгож, 2030 оны хөтөлбөрт Хятадын туршлага болгон дэвшүүлнэ” гэж онцлов.
   
“Хятадын цөлжилтөөс сэргийлэн, элс манхыг өөрчлөн ногооруулах, ялангуяа “Умардын гурван орон”-ы төслийг хэрэгжүүлсэн шийдвэр нь маш зөв оновчтой, алс хэтийн үр өгөөжтөй болохыг бодит байдал гэрчилж байна. Байгалийн жам ёсонд нийцсэн, улсын, орон нутгийн нөхцөл байдалд тохирсон Хятадын онцлогтой цөлжилтөөс сэргийлэх, элс манхыг өөрчлөн ногооруулах арга замыг нээж ирсэн гэдгийг харуулж байна.
   
Цөлжилт болон хөрсний идэгдлийн “хос хасагдал”-ыг биелүүлж, салхи шуурга багасаж, ус хөрсний идэгдлийг үр дүнтэй сааруулж, цөлжилтөөс сэргийлэх, элс манхыг өөрчлөн ногооруулах ажлын хууль дүрмийн систем улам бүр сайжирч “ногоон” өнгөөр ард иргэдийн амьдралыг дэтгэх ажлын үр дүн илт сайжран “Умардын гурван орон”-ы үзэл баримтлалыг бататгаж, ногоон байгууламжаараа дэлхийн үлгэр жишээг бий болголоо” хэмээнхэмээн Ши Жиньпин дарга энэ жил 06 дугаар сард Өвөр Монголд ажиллах үеэрээ хэлсэн байдаг.
   
Хөвчийн элсийг ойжуулж, экологийн бүтээн байгуулалт хийх явцад бий болсон гурван том “шинэ” нээлт нь үлгэр жишээ болж Хөвчийнхнийг дэлхийн дайтай болгож чадсан юм.
 
Мод тарьж, суулгах шинэ аргыг бий болгосон
   
Лонхонд нялх соёог суулгаж тарих, гуурсаар ус цутган модны соёог суулгах, машин өрмөөр нүх малтан мод тарьж суулгах, битүүмжлэн ойжуулах, экологийн төсөл хэрэгжүүлэх, нийгмийн хүчийг дайчлах, цөлжилтийг сааруулах торжуулалт хийх, малчин тариачин, албан хаагчид мод тарих зэрэг арга замаар Хөвчийн элсийг ойжуулах ажил үргэлжилсээр байна. Элсэнд гуурсаар ус цутган нялх соёог суулгаж тарих арга нь хүний хүч, цагийг хэмнэж өдөрт 800 гаруй модны соёог суулгадаг бөгөөд ургацын хэмжээ нь 95 хувьд хүрдэг. Энэ нь Хөвчийн элсний ойжуулагчдын шинэ арга юм.
   
Хөвчийн элсний энэхүү ойжуулах арга нь Шиньжян,Төвөд, Ганьсү зэрэг бүс нутагт уламжлагдан дэлгэрсэн төдийгүй “Бүс ба зам” дагуух улс орнуудад дэлгэрч Хятад улсын дэлхийд хандах нэрийн хуудас болов.
 
Цөлийг туулсан авто зам
   
Хөвчийн элсний гүнд их бага Дуут нуур хэмээх 7 Дуут нуур бий. Эхний Дуут нуурын зүүн хойд захад “И Ли шинэ тосгон”-ны байшин барилга жигдрэн харагдана. Хөвчийн элсний гүн дэх 36 айл өрхийг нүүлгэн суурьшуулснээр энэхүү тосгон бий болжээ. Цөл туулсан авто зам нэвтрүүлснээр малчин айлын жуулчны бааз нээж амьдралаа өөд татжээ. И Ли шинэ тосгоны малчин Мөнхдалай элсэн нутгийн онцлогт суурьлан нутгийнхаа 28 малчин өрхтэй хамтран баяжих замыг замнасан нэгэн. Тэд тэмээ, морь унуулах, онгоц завиар аялуулах, элсэн дээр машнаар аялуулах, онцгой хоол унд зэрэг өөр өөрийн онцлогтой жуулчны баазыг нээжээ. Өнөөдөр хошууны төв, баг сууринд элсэн цөлийг туулсан авто зам нэвтэрч элсэн цөлийг дэлхий нийтийн анхааралд оруулсан.
   
Хөвчийн элсэн цөлд элс түрж, айл нүүх явдал үндсээрээ өөрчлөгдөж, элс манх тогтворжиж, хүн амьтан аз жаргалтай аж төрөн амьдарч, элсэн нутгийн хөгжлийн шинэ замыг нээсэн нь И Ли шинэ тосгоны өнөөдөр гэрчилж байна.

Хөдөө тосгоныг сэргээн мандуулах шинэ замыг нээсэн
   
Хөвчийн элсний хойд хэсэгт 10 мянган га талбай бүхий эрчим хүч хангах нарны энергийн хавтан байгуулан Хятадын дотоодод хамгийн том нарны энергийн эрчим хүчийг гаргаж, цөлжилтийг сааруулсан бүс нутаг болжээ. “Таван талын үр өгөөжтэй буюу нарны энергийн хавтангаар эрчим хүч нийлүүлэх, хавтангийн доод талд хүсний ногоо тарих, хавтангийн мөр хооронд хонь мал бэлчээх, экологийг сайжруулах, хөдөө тосгоноо сэргээн мандуулах зэрэг таван шинэ замыг нээсэн” гэж И Ли компанийн ажилтан танилцууллаа.
   
Хөвчийн элсэнд тарьж, тэжээхээр голлосон хөдөө аж ахуй, эрчим хүч нийлүүлхээр голлосон аж үйлдвэр, аялал жуулчлалын үйлчилгээний аж ахуй бүхий эдийн засгийн сүлжээ бүрэлдэж, экологийн бүтээн байгуулалтыг илүү хүчтэй дэмжиж байна. Хөвчийн элснийхний элсэн манхан эх нутгаа сахин хамгаалж бүтээн байгуулсан “Умардын гурван орон”-ы үзэл баримтлалын бодит дүр төрх юм.
   
Хятадын долоон их элсэн цөлийн нэг, дэлхий есөн их элсэн цөлийн нэг болох Хөвчийн элсний гурваны нэг хувь нь өнөөдөр ойжин ногоорч, хүн амьтан аз жаргалтай аж төрөн амьдарч экологийн соёл иргэншил дэлхийн үлгэр жишээ боллоо. Энэ нь Өвөр Монголчуудын “Умардын гурван орон”-ы үзэл баримтлалын бодит гайхамшиг, Хятадын туршлага, дэлхийн шинэ домог юм.

Зохиогч:
Нийтлэл: Ш.Цогзолмаа, Ц.Урантунгалаг, Ренчин
Найруулагч:
Ш.Цогзолмаа
Эх сурвалж:
СЛМ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn