Монголдоо Монголчууд эзэн байх зовлон буюу Монголыг Монголоор нь байлгахын золиос

270


Монголчууд бид хойд эсвэл урд хөршийн нөлөөнд байх ёстой гэж үү? Эсвэл барууны үгүй бол аль нэг хүчтэй улс орнуудын суртал ухуулгад бидний Монголчууд амьдрах ёстой юм гэж үү? Хоёр зуун жил Манж буюу Хятадуудаас, 70 жил Оросуудаас, 30-н жил эргэж Хятадуудаас нийгэм улс төр, эдийн засаг нь хамаарч, үзэл суртал нь барууныг элэглэн дагаж ирлээ.  Монголд Монголоороо байх, Монголоороо орших яагаад ийм хэцүү вэ гэж үү? Монгол төр бат суурьтай тогтох, Монголчууд төрдөө баялагтаа эзэн байх оролдлого хичнээн хэцүү болохыг яг одоогийн үйл явц харуулж байна. Гуч гаруй жилийнхээ алдааг засах гэсэн эхлэл, хулгай луйвраа цэгцлэх гэсэн оролдлого дээр Монголын төрийг харлуулах, төрийн нэр хүндийг унагах бүхэл бүтэн ажиллагаа маш нарийн төлөвлөгөөтэй, өндөр санхүүжилттэй  хэрэгжиж байна.
 
ӨНӨӨХ Л ГУТАМШИГТ ТҮҮХ ӨНӨӨДӨР Ч ГУДАМЖ, СОШИАЛД ДАВТАГДАЖ БАЙНА 
Өчигдөр ч, уржигдар ч ийм л байсан. 18, 19, 20-р зуун мөн ийм л байсан. Монголын төлөө явсан эрсийн хувь тавилан Бээжинд, Москвад эцэс болж, Монголоо гэсэн эрсийг Монголчуудаар нь барьж идүүлдэг цаг хугацаанд төгсгөл гэж байна уу? Өнөөдөр ч харийн нөлөөлөл, Монголын төр, баялагт хуруу дүрсэн гаднын эздээс хол байх гэсэн Монголын чин хүсэл Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нараар илэрч оч татаад 5-хан жил болох гэж байна. Энэ тэмүүллийг НҮҮРСЧИД, ЗЭСЧИД, АЛТЧИД, УУЛ УУРХАЙН ЭЗЭД амь тавин эсэргүүцэж, гудамж талбай сошиал орчинд улайрч байна. Яаж Монголчуудыг хагалах вэ? Яаж Монгол төрийн нэр хүндийг гутааж, Монголчуудыг  төрдөө итгэлгүй болгох вэ? Яаж төрд байгаа Монголчуудыг буулгаж авах вэ? Яаж Монголын төр, газар шороо, эрдэс баялагт өнгөрсөн 30-н жил шиг ХЯНАЛТГҮЙ, ХАЗААРГҮЙ эзэн суух вэ? гэсэн өрсөлдөөн ид өрнөж байгаа нь энэ.
 
ӨӨРЧЛӨЛТ БҮХНЭЭ ӨРӨӨЛД ӨМЧЛҮҮЛЖ ӨНГӨТЭЙ БҮХНЭЭ БУСДАД АЛДСААР БАЙХ УУ?  
 Үндэсний эрх чөлөөний хувьсгалаа гамин  генералынд булаалгаж, Монголын тусаар тогтнолыг урвагч ноёд, эрлийзүүд, авлигач түшээд, эфү нараа турхиран гурван улсын гэрээгээр устгаж, эсэргүүцэн тэмцсэн Монгол эрсийг эрүүдэн шүүж явсан түүх саяхных шүү дээ. Гэтэл энэ л зохиолоор Монголд үүрлэсэн бүхнийг гаргаж тавьсан У.Хүрэлсүхийг нүүрсний хулгайч болгох гэж, Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрыг талцуулах гэж, Оюун-Эрдэнийг элдвээр баалан, Хүрэлсүхийг оргүй гүжирдэж байна. Тэртээ зуугаад жилийн өмнө Монголын цагаан сарыг улаан сар болгоно гээд хүрзээ ирлэж суусан урвагчдын үр үндэс. Өнөөдөр Улаанбаатарын хороолол бүрээс цахим орчинд цамнаж эхнээсээ талбай дээр Монголын төрийг мохоохоор орилж, шинэ жилээр Монголчуудын өөдөөс салаавч тавьж байгаа нь ердөө л түүхэн давхцал төдий зүйл биш. Түрэмгий санаархал Монголыг Монголоор нь байлгахгүй гэсэн олон зуунаар дамжиж ирсэн бодлого нь юм. Маргааш боомт нь нэмэгдэж боломж нь ахих, ашиг орлого нь нэмэгдэх нь тодорхой болсон Монголын төрд шунасан харь санаат урвагч, тэдний гар хөлүүд, хол цусны сүлбээ сүлжээгээр холбогдсон бүлэглэлийн  Монголд хаан байх гэсэн үе дамжсан төлөөллүүдийн шунал тачаал нь өнөөдөр ил дүрэлзэж байна.
 
МОНГОЛДОО МОНГОЛЧУУД ЭЗЭН БАЙХЫН ТӨЛӨӨС 
 Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөө Монголчууд бид 1911 онд ингэж л өрөөлд булаалгаж өнгөтэй эрсээ өргөст шоронд өргөсөн. Дамдинсүрэн, Магсаржав, Намнансүрэн, Ханддорж тэргүүтэй эрс Монголоороо орших их хүсэлдээ хүрсэн бил үү? Ардын хувьсгалаа коммунистуудад алдаж анхны долоо, ардын засгийн сайд нараа харийн шоронд хядуулсан. Сүхбаатар, Амар, Гэндэн, Бодоо, Данзан нар хүссэн нийгэмдээ амьдарсан бил үү?
 
   Ардчиллыг анх асаасан Монгол залуус чимээгүй болж ард нь хэнүүс хожсон бэ? С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ нар хаачив аа! Өнөөдөр ч МАНАН дэглэмийг эсэргүүцэж гарч ирсэн залуусыг ямар хувь заяа хүлээж байна вэ?
 
Гучин жил хоёр намд шигдсэн урвагчид, харь орны тавиул, туршуулууд, Алт, Нүүрс, Зэс, уул уурхайгаас босож ирсэн бүлэглэлүүдтэйгээ нэгдэн жагсаалыг худалдан авч, Монгол төрийг Монголоор нь байлгах гэсэн 5-хан жилийн ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, хүсэл тэмүүллийг жагсаал цуглаан сошиал дайралтаар дэвслэж байгааг хараад ойлгох ард түмэнтэй ч болоосой. Цэвэр цусны Монгол адуу илжиг дагаж бэлчдэггүй л юмсан даа гэж бодох юм.
 
БАЯЛАГТАА ЭЗЭН,  ГЭР УЛСААРАА ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙЯ ГЭСЭН БҮХЭН ГЭМТЭН БОЛДОГ НЬ ЖАМ 
 Би дээр дахин дахин дурьдлаа. Монголдоо эзэн байя гэсэн хэн ч Монголдоо Монголоороо орших амаргүй ээ гэдгийг...
 Монголчууд бид сүүлийн зуун жилд бор гэртээ хэний ч нөлөөлөл, хэний ч дарамтгүйгээр эзэн байсан он жилүүд хэд нь юм болоо? Одоо л нэг Монголоороо байя, олон улс гүрэнтэй тэгш харьцаж, улсынхаа толгойг өөрснөө мэдье. Гэрийнхээ хойморт тухалж, хулгай луйвраа цэгцэлж гал голомтоо засаж түгшье гэсэн хүн бүрийг Монголын төр баялаг хоёрт шунагсад гүтгэн доромжлон яллан гутааж эхэллээ. Дэлхийн дайтай явсан Монгол минь дээл шиг жижигхээн болсон байж болно. Дээл шиг нөөлөгтэй Монголдоо эзний дайтай суух заяаг хэзээ хэн бидэнд олгох вэ? Тэнгэр эсвэл  бурхан л лав биш! 
 
О.Түвшиндэмбэрэл
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn